Н.Энхболд ой мод дахиад “агначих” вий дээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Н.Энхболд ой мод дахиад “агначих” вий дээ

-Гахай агнаж ганзгаа мялаасан дарга харин ой хээрт түймэр тавьсны балгаар улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг-

ОБЕГ-аас мессеж илгээжээ. Утсанд минь ирсэн тэрхүү мессежийн гнол агуулга нь ой хээрийн түймрийн аюулаас сэргийлэх тухай байв. Хаврын хаварт Монгол орны ой хүмүүсийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс болж сүүлийн жилүүдэд чамгүй устжээ. Нэг хэсэг нь хуульбус хулгайн замаар устаж, нөгөө хэсэг нь ой хээрийн түймэрт сүйтгэгдсээр. Ой хээрийн 759 түймрийн  0.2 хувийг л цагдаагийнхан шалгаж, үлдсэн 99.8 огт шалгаагүй өнгөрсөн тухай мэдээ саяхан уншиж билээ. Гол нь ой хээрийн түймрээс үүдэн улсад учирсан мөнгөн хохирлыг тооцоод үзвэл багагүй тоо гарах нь тодорхой. Гэтэл чухам яагаад энэ хэргийн буруутнууд цагдаагийн хараанаас холуур өнгөрөөд байна аа. Санаатайгаар ой хээрт түймэр тавьсан тохиолдолд л эрүүгийн хэрэг үүсгэдэг талаар нэгэн ой хамгаалагчаас сонсч байв. Тэгвэл бусад тохиолдолд улсад өч төчнөөн төгрөгийн хохирол учруулаад зогсохгүй олон арван хүнийг түймрийн өөдөөс илгээдэг нөхөрт ямар шийтгэл ногдуулдаг юм бол. Хууль сөхөж үзлээ.

Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 13дугаар зүйлд Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага хэмээгээд иргэнийг 1000-50 мянгаар, албан тушаалтны 30 мянгаас 60 мянгаар торгох талаар дурджээ.

Гэхдээ 8 дугаар зүйлд Ой хээрийн түймэр гарсан шалтгаан буруутай этгээдийг тогтоох ажлыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ гэжээ.

Хууль хамгийн сүүлд 1999 онд л багахаан шинэчлэгдсэн юм байх.  Магадгүй цагдаагийнхны хувьд санаатай байна уу, санамсаргүй байна уу гэдгийг л тогтоох гэж түмэн ажил болж байгаа. Санамсаргүй гээд гарчихвал нүдээ аниад л Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх биз. Улсад  гучин гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан Улсын Их хурлын гишүүн тэрхүү санамсаргүй гэсэн ангилалд багтсан учраас л өнөөдөр хууль батлах ширээнийхээ ард тайван дүр эсгэн суугаа нь тодорхой л доо.

Одоогоос жил хагасын өмнө УИХ­­ ын эрхэм дэд дарга Н.Энхболд гуай гахай агнах нэрийдлээр Батсүмбэрийн их ойг “агначихсан” гэж байгаа. Батсүмбэрийн Засаг дарга нь Н.Энхболд гишүүнд газарчилж явсан төдийгүй гал гаргахад нь тус нэмэр болсон аж. Гишүүний задарсан үйлдлийг манай нэгэн өдөр тутмын сонин онцгойлон бичсэн. Бүүр он сар өдөр хэргийн газар зэргийг тодорхой бичсэн. 2010 оны есдүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нар найзуудтайгаа гахайн анд морджээ. Анхны цаснаар олз омог ихтэй байж бүл гахайтай таарч. Гэвч ганзага мялаасан тэд гал алдаж түймэр тавив хэмээн Улс төрийн тойм сонинд түүнийг гэмт үйлдлийг баримт нотолгоотой бичсэн билээ. Тэгээд ч зогсохгүй хохирлыг анхны үзлэгээр гучин гурван тэрбум гэж тогтоосон ч Ойн ангийн даргыг дарамталж байгаад тавин гурван сая хэмээн хэд дахин бууруулсныг ангийн дарга ч өнөөдөр мартаагүй гэнэ. Хэргийг нь хуулийн байгууллагад шалгуулах гэдэг ч Төв аймгийн прокурор хэрэгсэхгүй болгочихоод байдаг гэнэ. Энэ бол тухайн сонины гаргаж ирсэн баримт.

Мэдээж УИХ ын дэд дарга бус хэн нэгэн ардын хүүхэд байсан бол өдий “ аавын хаалга” татчихсан л байгаа. Наад зах нь сумын Засаг дарга, УИХ ын гишүүн хоёрын сүйтгэсэн ойгоор хичнээн олон айл өөрийн гэсэн сайхан модон байшинтай болох байсан бол … Гучин гурван тэрбум төгрөгөөр юу хийж болохыг уншигч та тооцоолоод үзээрэй л дээ. Ямар ч байсан Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд олгоог нэг жилийн мөнгө. Үүгээр дор хаяж таван мянган хүнийг шинээр ажлын байраар хангана. Зах зээлээс хамгийн үнэтэйдээ гэж бодоод жаран сая төгрөгийн орон сууц авлаа гэхэд 550 айлыг орон сууцаар хангана.Хамгийн бага үнэтэй нэг өрөө байр гээд гучин саяар байр авлаа гэхэд л мянган айлын орон сууц барих мөнгө биш гэж үү. Түүний сонгогдсон Төв аймгийн төв болсон Зуунмод хот гэхэд л ажлын байр гэх зүйл тун маруухан. Цөөнгүй хүнийг ажлын байраар хангаж байсан хятад эзэнтэй оёдлын үйлдвэр дампуурснаас болоод ажилгүй залуус л их байна даа хэмээн хүн болгон л халагладаг. Магадгүй эх хурлын эрхэм гишүүнийх нь улад учруулсан хохирол болох гучин гурван тэрбум төгрөгөөр орон сууц барих ажил эхлүүлсэн бол цөөнгүй залуус ажлын байраар хангагдаж, цөөнгүй айл сайхан сууцанд амьдрах байсан нь ойлгомжтой. Гэвч өнөөдөр дэлхий нийтээрээ ногоон байгалийг шүтэх болсон энэ үед хууль УИХ ын гишүүн, Засаг даргыг ялгаж үлдээлгүй л үйлчилдэг баймаар даа. Тэгэхээр Төв аймгийн прокуророос энэ хэргийн талаар лавлаад үзэхэд гэмгүй л болов уу даа.

Н.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж