МҮОНРТ-ийнхэнд санамж бичиг гардуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийнхэнд санамж бичиг гардуулна

“Эх орон, шударга ёс” хөдөлгөөнийхөн нэрээ өөрчлөн “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” болгосон. Тус хөдөлгөөнийхөн гол фокусаа улстөрчид дээр тааруулдаг байсан бол энэ удаа МҮОНРТ-ийг анхааралдаа авчээ. Тэд МҮОНРТ олон нийтийн статусаа умартаж, зөвхөн эрх баригчдад үйлчилж, төрийн нэр барьсан гэмт этгээдүүдийн үйлдлийг нуун дарагдуулж хөрөнгө мөнгөтэй хүний талд үйлчилж байна хэмээн шүүмжилсэн. Ингэж шүүмжлэх болсон гол шалтгаан нь энэ сарын 7, 9-ний өдрүүдэд МҮОНРТ-ийн эфирээр Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга, түүний нөхөр нийтлэлч А.Баатархуяг нарын талаар илт гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацсанд байгаа аж. “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн үүнийг үндэслэн МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт шаардлага хүргүүлсэн билээ. Тэд шаард­лагынхаа хариуг өнгөрсөн баасан гарагт авсан. “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн шаардлагадаа МҮОНРТ Монгол үндэстний язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавих, ил тод байдлыг хангах үүднээс өнгөрсөн оныхоо үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг нийтэд хүртээмжтэй байдлаар энэ сарын 20-ны дотор мэдээлэх, манай хөдөлгөөнд телевиз, радиогийн эфирийн тогтмол цагийг гаргаж өгөх зэргийг дурьдсан юм. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө ҮШН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга, нийтлэлч А.Баатархуяг нараас албан ёсоор, телевизийн эфирээр уучлалт гуйх хэрэгтэйг шаардсан. Харин үүний хариуд МҮОНРТ-ийн ерөнхий продюссер Лхагвадаш “Бид телевизээр гарах жилийн нэвтрүүлгээ төлөвлөчихсөн байдаг. Тиймээс хэн нэгний захиалгаар хүн гүтгэж нэвтрүүлэг хийнэ гэж байхгүй. Олон нийтийн телевиз учир нийтэд хүртээмжтэй байдлаар нэвтрүүлгээ хийдэг” гэх тайлбарыг өгөв. Уг тайлбарыг “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн хүлээн аваагүй бөгөөд өнөөдөр тус телевизийн удирдлагад санамж бичиг гардуулахаар боллоо. Тэд санамж бичигтээ “Долоо хоногийн нэг өдөр МҮОНРТ-ээр иргэний хөдөлгөөний талаар нэвтрүүлэг гаргах, улстөрч, намын удирдлагуудтай иргэний хөдөлгөөний төлөөлөл шууд эфирээр мэтгэлцээнд орох боломжийг бий болгож өгөх хэрэгтэй” гэжээ. Харин цаадуул нь санамж бичиг, шаардлагыг хүлээн авах болов уу.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж