
Яллагдагч Д.Энхмандах нь бусдын нэр ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр, “Эрдэнэ Суварга” компанийн захирал Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг бусдад зарж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдоод буй юм. Харин Д.Энхмандах өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн маргаанаас болж, намайг залилангийн хэрэгт гүтгэсэн хэмээн мэдүүлдэг.
Энэхүү залилангийн хэргийг шийдэж чадахгүй таван жил болж байгаа нь уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Б.Чимгээгийн хариуцлагагүй байдал, мэргэжлийн алдаа гаргасантай холбоотой гэж Яллагдагч Д.Энхмандахын өмгөөлөгч О.Баасанхүү үздэг. Тэрбээр хяналтын прокурор Б.Чимгээг мэргэжлийн алдаа гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн Улсын ерөнхий прокурорын мэргэжлийн Зөвлөлд гомдол гаргаж байсан.
Гомдлын дагуу УЕПГ-ын мэргэжлийн зөвлөлөөс “Прокурор Б.Чимгээ яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн хэргийг яллагдагчтай хамт аваагүйгээс хуульд заасан хугацаанд шүүхэд шилжүүлэх хугацаа алдан, улмаар мөрдөн байцаагчид даалган үлдээснийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдөхөд хүргэсэн. Хуульд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, хариуцлага алдсан зөрчил байх тул сахилгын дүрэмд заасны дагуу арга хэмжээ авхуулахаар холбогдох материалыг хүргүүллээ” гэх хариу өгсөн юм.
Тиймээс уг хэргийн хяналтын прокурорыг өөрчилж н.Хашбаатар хяналт тавих болсон байна. Бусдын өмнөөс банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаад бужй Д.Энхмандах бага насны таван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Түүний гэм буруугийн асуудлыг таван жилийн хугацаанд шийдэж чадахгүй сэтгэл санааны хүнд дарамтад байгаа талаараа ярьж байсан юм.