Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Алдагдсан аз жаргал











Хамгийн гоё
энтертайнмент NEWS
уншигчдадаа хүргэхээр шинээр “мэндэлсэн” entertainment.news.mn сайт өнөөдөр
та бүхнийг шинэ форумд урьж байна.  У
рлаг, утга зохиолын орчуулгаар нь уншигчдын сайн таних сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал entertainment.news.mn
сайтыг хөтлөн, бэлтгэж байгааг дуулгахад
таатай байна.

Нийгмийн гажуудал, сэтгэлгээний доройтол, амьдралын утга
учрын тухай уншигчидтайгаа санал бодлоо хуваалцдаг форум маань өнөөдөр аз
жаргалын тухай ярилцахаар шийдлээ. Хэнд ч мэдээжийн юм шиг хэрнээ, хэний ч
анзаардаггүй аз жаргалын тухай бүгдээрээ тунгаацгаая. Завгүй хэмнэлд араасаа хөөгдөн
амьдрахдаа бид сэтгэл дотор минь нуугдсан бяцхан гэрлийг анзаардаг бил үү?
Аз жаргалын талаарх өөрийн бодлоо
бидэнтэй хуваалцан, чин сэтгэлийн үгээ бичиж үлдээгээрэй.

-Тог, тог, тог

-Хэн бэ?

-Алдагдсан зүйл чинь байна.

-Алга болсон зүйл надад байхгүй ээ.

Эндүүрсэн бололтой, эргээд явав. Үгүй ээ. Тогшлоо, ахиад.

-Эрээд удаж байгаа зүйл чинь энд байна. Эргэцүүлээд нэг бод доо.

Бодлоо, хайлаа, халаас, цүнхээ уудаллаа. Санаанд орох юм алга даа.

-Өөр хэн нэгэнтэй андуураад байх шиг байна. Ахиад тогших хэрэггүй шүү.

Янзгүйхэн хэлээд эргэтэл “Өчнөөн удаан эрээ биз дээ” гэх өрөвдөлтэй дуу сонсогдов. “Өрөө нэхэж байгаа хүн шиг өдөр бүр шахам надаас аз жаргалаа асуудаг байснаа мартчихаа юу” Аргаа барсан зүрх минь уйлж байгаад хэллээ. Цөхөрч гомдсон тэр нулимс дуслуулан цохиллоо.

-Хүлээгээрэй.

Хаалгаа шалавхан онгойлгов. Хэн ч харагдсангүй. Яваад өгчээ, яана аа. Хүсэн хүлээсэн аз жаргалаа алган дээрээсээ алдлаа гэж үү. Зүрхнээс дуслах нулимс хацрыг минь даган бөмбөрлөө.

– Хэн ч харагдахгүй байна. Хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй гэж үү? Эргээд тэр ирэх болов уу? Эрээд би олох болов уу?

-Эрэх хэрэггүй ээ, би энд байна.

-Үнэн гэж үү, би юу ч олж харахгүй байна.

-Аз жаргал харагддаг гэж хэнээс чи сонсоов?

-…

-Аз жаргал тэгээд ямар өнгөтэйг мэдэх үү? Солонго шиг үү?

-…

-Үнэр нь ямар гэж? Сүрчиг шиг үү?

-…

-Хэлбэр дүрс нь? Титэм зүүсэн гоо бүсгүй шиг үү? Эсвэл бадриун чийрэг эр үү?

-…

-Энэ байна гээд үзүүлэх юм байна уу? Халаасандаа, авдрандаа, шүүгээндээ аз жаргал хийчихээд сууж байгаа хүн байна уу? Атгаад явж болох уу,түүнийг? Хэзээ нэгэн цагт хэн нэгний аз жаргалыг харсан уу?

-Харагдахгүй юм бол аз жаргалыг хаанаас тэгээд олох юм?

-Өөрөөсөө.

-Зөндөө удаан хайсаан. Бас хүлээсэн. Олоогүй. Ирээгүй.

-Уг нь би үргэлж чамтай хамт байсан. Даанч чи мэдрээгүй. Аз жаргалыг хардаггүй, аз жаргалыг мэдэрдэг юм. Зүрхний чинь цохилттой хамт “Энд байна, энд байна” гэж зөндөө дуудсан ч намайг чи мэдрээгүй.

-Уг нь би чамайг дэндүү их үгүйлсэн.

-Хорвоод анх мэндлэхэд чинь л би чам дээр ирсэн. Аав, ээж хоёр чинь анх намайг мэдэрсэн. Хөлд ороод дэрвэхэд чинь, хэлд ороод шулганахад чинь би байсан. Дэндүү балчир байсан болохоор ээж, аав хоёр чинь чиний өмнөөс намайг мэдэрсэн. Анхны болзоонд чинь би цуг явсан. Амраг хайрын балыг цуг амталсан. Бяцхан үрд чинь бүүвэй хамт аялсан. Амьдралын шорвог эргүүлэгт алгадуулах бүрт чинь нулимсыг чинь үлээн дэргэд чинь байсан. Хоосон ходоод, ханзарсан шаахайтай алхаж явахад чинь, шинэ хувцсаа гайхуулан толины өмнө зогсоход чинь ч ялгаагүй хамт байсан. Ээдрээтэй олон сонголтын ард эргэзлэж тээнэгэлзэх бүрт чинь эрчилж би байсан. Зөвхөн чиний гараар бүтээгдэж байгаа энэ амьдралын чинь туршид би сэтгэл дотор чинь байна. Амьдралаа ямар өнгөөр зурахаа чи өөрөө л шийд. Хар уу, цагаан уу, эсвэл гал шиг улаан, тал шиг ногоон уу? Тэнд зүрх зурах уу? Эсвэл мөнгө дүрслэх үү? Хөгжмийн ноот бичих үү? Чи л мэднэ. Тэр бүгдэд би байна. Одоо ч байгаа. Зөвхөн аз жаргалаа мэдэр. Алдсан алдаа чинь аз жаргал. Хийсэн сонголт бүр чинь аз жаргал. Амьдрал чинь тэр чигээрээ аз жаргал. Би үргэлж сэтгэл дотор чинь байгаа. Намайг чамд хэн ч май гээд өгөхгүй. Чамаас намайг хэн ч булаахгүй. Олж мэдэрч чадвал, би нүүрэнд чинь инээмсэглэл болон тодорч, нүдэнд чинь оч шиг гялалзаж, сэтгэл дотор чинь сэргэлэн болжмор шиг жиргэж чадна. Мэдрэхгүй бол харин агуйд орогносон даяанч шиг амьдралаас чинь нуугдах болно.

Аз жаргалын талаарх өөрийн бодлоо бидэнтэй хуваалцан, чин сэтгэлийн үгээ бичиж үлдээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж