МНН, ИЗН нэгдэх эсэхээ энэ сарын 26-нд шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

МНН, ИЗН нэгдэх эсэхээ энэ сарын 26-нд шийднэ

Монголын Ногоон намынхан өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ сарын 26-нд намын онц их хурлаа хийхээр төлөвлөжээ. Монголын Ногоон намын зарим гишүүн Иргэний зориг намтай нэгдсэнээр Ногоон намыг үгүй хийж байна хэмээн эсэргүүцэж буй. Үүнээс үүдэн намын бага хурлын гишүүн О.Бум-Ялагч, Д.Басандорж нар намын дарга Д.Энхбат, Э.Зоригт нарыг намаас хөөсөн удаатай. Монголын Ногоон нам, Иргэний Зориг намтай нэгдэх эсэхээ шийдэх хурал Төрийн ордонд болох юм. Төрийн оронд хийх болсон шалтгаан нь хурлын үеэр үймээн, самуун гаргахгүй байхыг эрмэлзсэн хэмээн намын гадаад бодлого хариуцсан дарга Э.Зоригт хэллээ. Онц их хурлын үеэр намын дотоод зөрчил болон Иргэний зориг намтай нэгдэх асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх аж. Монголын Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт “Манай нам албан ёсны 3200 гишүүнтэй. Харин онц их хуралд 300-400 хүн оролцоно. Иргэний зориг намтай нэгдэх нь улс төрийн гурав дахь хүчний үүрэг гүйцэтгэж, ногоон үзлийг тэргүүн эгнээнд тавьж хамтран ажиллах нь хамгийн гол зорилт юм” гэлээ. Мөн хоёр нам нэгдэхийг эсэргүүцэж байгаа намын бага хурлын гишүүн О.Бум-Ялагч, Д.Басандорж нарыг онц их хуралдаа оролцохыг урьсан аж. Харин энэ талаар О.Бум-Ялагчаас асуухад “Намыг үгүй хийх гэж байгаа хуралд бид оролцохгүй. Энэ бол хууль бус үйлдэл” гэв. Ямартай ч тэд эсрэг байр сууриа илэрхийлсээр байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж