С.Баярыг ирэх сургаар шоконд ордог

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

С.Баярыг ирэх сургаар шоконд ордог

С.Баяр ирэх гэж байна гэнэ ээ. Жил жилийн хаварт улстөрчид С.Баяр ирлээ гээд бажигадаад байдаг юм уу, бахархаад байгаа юм уу, хөдөлгөөнд ордог бол­чихлоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар алдаг оног суудаг, суухаараа од болдог тэр хэн юм бэ. Сиэтлиэс Улаанбаатарт буугаад морддог УИХ-ын гишүүн гэсэн шинэ имиж бүрдүүлснээрээ тэр од болоо юу. Улс төрд хөшигний цаана голдуу амьдарч ирсэн, 50 гаруй насны энэ эрхмээс айх шалтгаан улстөрчдөд байна аа даа.

Хэрэв “Албан тушаалд очихгүйгээр ч улс төрд нө­лөөлж болно. Улс төр  бол нө­лөөлөх урлаг мөн” гэдэг теорем үнэн бол С.Баяр тэгж чадаж байна. Яагаад Баабар юу бичих, С.Баяр Монголд ирэх нь Монголын улс төрд чухал хэвээрээ байна вэ. Эндээс нэг ижил төстэй дүгнэлт гарах гээд байгаа биз. Өнгөрсөн жилийн өдийд мөн л С.Баяр ирэх нь гээд шуугиж байсан. Ялгаатай талууд бий. Юуны өмнө тухайн үед С.Баяр Н.Энхбаярын “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгээр ярьсан шүүмжлэлийн хариуг өгөх, түүнтэй увайгүй үгсийнх нь хариуцлагыг тооцох гэж ирж байв. Харин энэ удаа хуулийн өмнө долдугаар сарын 1-ний хэрэг явдалд тайлбар өгөхөөр дуудагдан ирж буй. Өөр ялгаатай тал нь тэр үед МАХН-ын дарга С.Баяр ирж байсан бол эдүгээ МАХН нэрээ өөрчилж МАН болсон. МАН-ын гишүүн С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаяртай хуулийн өмнө үнэнийг хэлэлцэх болж байна. Ийм маягаар С.Баярыг эзгүйчилж Н.Энхбаяр түүнтэй заавал нэр холбогдохуйц ноцтой мэдэгдэл хийдэг. Удал­гүй С.Баяр ирж сүржин ярилц­лага өгч хэрүүл дэг­дээдэг жишиг тогтчихлоо. Үүнийг анхаарах хэрэггүй хэмээн дор бүрнээ цэцэрхэх ч яах аргагүй ажиглаад, улс төрийн гол үйл явдал мэтээр хүлээн авсаар байна.

Улс төрд хөтөлгөө морь шиг ханьсаж явсан Н.Энхбаяр, С.Баяр нарын хооронд хайлж дуусашгүй мөсөн уул хэдийд бий болсныг эргэн харахад бас л сонин. Н.Энхбаяр ч энхийн цагаан тагтаа биш. Яагаад ч юм бэ, заавал С.Баярыг эзгүйд түүний эсрэг гал ноцоочихоод хүлээж суудаг нь түүний өвөрмөц өдөөн хатгалгын нэг хэлбэр. Тэр тусмаа заавал телевизийн ярилцлагад орол­цож, С.Баярыг ниргэсэн ноц­той мэдэгдэл хийж, түү­нийгээ орон даяар цацдаг нь олон нийтэд тийм ч таатай санагдаагүй л болов уу. Н.Энхбаярын хийж буй улс төрийн ийм тактикт нэг том алдаа байгаа нь зөвхөн С.Баяр дээр л фокусаа тааруулаад байгаа явдал юм.

Монголын улстөрчид С.Баяраар дуусчих юм шиг аль хэдийнэ гол баатрын нөмрөгөө тайлаад хаячихсан түүнийг л эргүүлдээд  байгаа нь фэнүүдийг нь залхааж байна. Мэдээж үүний цаана нарийн учир бий л дээ. Наанадаж Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодож, дэмжигчдийнхээ урмыг хугалсан, долдугаар сарын 1-нд онц байдал тогтоох зарлиг гаргасан зэрэг эмзэглэж явдаг бүхэнтэй нь С.Баяр холбоотой. Үгүйдээ л нийгэмд  тэгж харагдуулахыг Н.Энхбаяр хүсдэг бололтой. Тиймээс ахиж дэвшихдээ түүнийг хөтөлж явсан шигээ уруудаж, унасан болгондоо ханьсахыг хүсдэг нь Н.Энхбаяраас л гарч болох үйлдэл юм. Тэрбээр  Монголын улс төрийн хамгийн том намд зэрэг шахам хөтлөлцөн орж нөхөрлөсөн С.Баяр анддаа  “Зовлон, жаргалаа хамтдаа эдэлнэ” гэсэн шалгуурыг сэтгэлдээ тавьсан бөгөөд үүнийхээ хариуг шуудхан нэхэж байгаа нь энэ. С.Баяр өнгөрсөн хаврын өдийд буюу 2010 оны гуравдугаар сарын 28-нд ирээд, 30-нд ажилдаа орж байв. Тэр өдөр “Төрийн ордонд С.Баяр хүрэлцэн ирлээ, тэрбээр хоёрдугаар давхрын кафед кофе уув” гэсэн хөгийн мэдээнүүд хэвлэлээр урсч байсан. Ийнхүү сүр дуулиантай ирэхдээ тэр “Хорвоогийн бас нэг сайхан хавар ирж байна” гэсэн энгийн гарчигтай ярилцлага өгч, “Энхбаяр бид хоёрын явах цаг ирж дээ гэж сүүлийн үед бодогдох боллоо” хэмээсэн нь олон хүнийг сэртхийлгэсэн билээ. Магадгүй, үүнийг уншсан Н.Энхбаяр “Тэгнэ ээ, хоёулаа заавал хамт явах юм шүү” хэмээн шивнэсэн ч байж болох юм. Тиймээс ч С.Баярыг Улаанбаатар руу нисэх тийзээ захиалангуут нь буюу энэ оны хоёрдугаар сарын 28-ны үдэш, “Эх орон, шударга ёс” нэртэй иргэний хөдөлгөөний хэлэлцүүлгийг телевизээр шууд дамжуулах мөчийг ашиглан 2008 оны долдугаар сарын 1-нд  С.Баяр  юу хэлж байсан, өөрөө яаж хөдөлсөн тухайгаа Н.Энхбаяр эргэн дурсч олны анхаарлыг та­тав. Үнэндээ тухайн цаг үед Үн­дэсний    аюулгүй байдлын зөв­­­лөлийн гурван гишүүний нэг нь нө­­гөөгийнхөө талаар ийнхүү олон ний­тэд дэлгэн ярьсныг анзаарахгүй өнгөрөх эрх хуулийнханд байхгүйг ч нарийн тооцоолсон байж таарна. Ингээд харахад хуулийнхан юм шиг боловч, нарийндаа Н.Энхбаяр, С.Баярыг ирүүлчихэж байгаа хэрэг л дээ.

МАХН-ын дарга асан С.Баяр Ардын намын гол судсыг алсаас атгасан хэвээрээ байгаа. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр тус намын цөөнгүй гишүүн түүний нууцлаг фракцид амь бөхтэй оршин тогтнож, галаа манаж үлдсэн. Гэвч түүхэнд өчигдөр өчигдрөөрөө үлдэж, өнөөдөр нь шинээр эхэлж байх учиртай. С.Баяр, Н.Энхбаяр нарын дажин ирэх сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт ач холбогдол өгөхийн оронд долдугаар сарын 1-ний хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ гэдэг л илүү чухал баймаар. Ямартай ч С.Баяр Ерөнхий сайдын албаа 2009 оны арванхоёрдугаар сард, намын даргын албаа 2010 оны дөрөвдүгээр сарын найманд хүлээлгэн өгсөн. Түүнээс хойшхи он тоолол, үйл явдлын холбоос шинээр эхлэх ёстой. Үүнийг хэн, хэн нь ухаарч, их улс төрд байр сууриа эзэлсэн шигээ тавьж өгөх цаг нь болсон юм шиг ээ. Цаашид С.Баярыг Сиэтлиэс Улаанбаатарт буух бүрт улстөрчид шоконд орж, хөөрч догдлохоо болимоор байна. Урьд нь олонтаа уншсан ном, үзсэн киногоо мартаж, улс төрийн шинэ хаврыг шинээр хүлээж авах цаг болжээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж