Ардын намынхан нүүгээгүй, харин тэд нүүж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ардын намынхан нүүгээгүй, харин тэд нүүж байна

Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгаланг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Танаас ёгт утгатай нэгэн асуулт асууя. МАХН хэмээх нэгэн арал байж л дээ. Тэрхүү арал дээр Ардын нам ба Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын угшилтнууд өрх тусгаарлан аж төрнө. Гэвч эцсийн дүнд уг арлыг цор ганцаар эзэмших Робинзон Крузо нь чухам хэн болж таарах вэ?

-Уучлаарай, таны асуултад эсрэг утгатай хариулт өгье. МАХН гэдэг арал анхнаасаа байгаагүй. Харин Монгол Ардын нам хэмээх арал байсан юм. Тус намын анхдугаар их хурал Д.Сүхбаатарын удирдлага дор 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд болж, С.Данзанг намынхаа анхны даргаар сонгож байсан түүхтэй. Түүхчид ч ярьж байна. “Тухайн үеийн Засгийн газар одоогийнхоор бол эвслийн Засгийн газар байсан” гэж. Ардын хувьсгалыг манлайлагчид, энгийн ардууд, журамт цэргүүдийн төлөөлөл бүрэлдэхүүнд нь орсон учраас тэр л дээ. Гэвч Монголд социализм байгуулах зо­рилго бүхий Коминтерний шахалтаар Ардын намынхан 1924 оны арваннэгдүгээр сард бүгд хурлаа хийж, намынхаа нэрийг МАХН болгон өөрчилсөн.

Түүхэн баримт бичгүүд болон С.Данзан, Д.Бодоо нарын хэлсэн үгнээс харахад, тус нам 1928 он хүртэл дотоодод Ардын нам, гадаадад МАХН хэмээн нэрлэгдэж байсан юм билээ. Түүхчдийн ярианаас иш үндэс болгоход, тухайн үеийн Ардын намын удирдлагууд намынхаа нэрийг МАХН гэж өөрчлөх маш дургүй байсан. Үүнээс болж, хэлмэгдсэн тохиолдол ч олон байдаг юм билээ. Танд би МАХН хэмээх арлыг хэзээ ямар учиртайгаар бий болгосон тухай ярьж байна шүү дээ. Уг арал дээр хуучнаар МАХН-ынхан тэр чигтээ үлдэж байгаа. Харин зарим хүн тэрхүү арлаас нүүсэн.

-Хэн нүүсэн гэж. Ардын намынхан уу, аль эсвэл…?

-Ардын намынхан нүүгээгүй. Харин тэд нүүж байна.

-Ингэхэд та 1950-аад оныхны ааш аягийг ойлгож байна уу. Н.Энхбаярт өнгөрсөн бүхэн хангалттай биш байсан гэж үү?

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам тэр хүний төлөө зүтгэсэн. Миний хувьд ч мөн адил. Сонгуулийн штабт ажиллаж, хэвлэл мэдээллийн асуудлыг нь хариуцан ажиллаж байлаа. Харамсалтай нь Ардын намын гишүүд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуульд ялуулахын төлөө зүтгэж  ажиллаад дараа нь унагах гэж ажилласан мэтээр гүтгүүлээд үлдсэн. Ялангуяа түүний сонгуулийн сурталчилгааг хийх гэж өдөр, шөнөгүй ажиллаж, айлын нохойд боорлуулж явсан жирийн гишүүд, дэмжигчдэд түүний үг тун хүнд туссан.  Н.Энхбаяр дарга бол Монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж, тус намыг есөн жил удирдсан хүн. Энэ бүхэн хангалттай биш гэж үү. Тэгээд ч улс төрийн амьдралд шинэ үе тохиох ёстой. Улс төрийн замнал жам ёсоороо үргэлжилж байна. Учир нь Н.Энхбаяр, С.Баяр, Л.Энэбиш, Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс 1997 онд ахмад үеийнхний халааг авч, улс төрийн тавцнаа гарч ирсэн. Тэр үед тэдний дунд элдэв ан цав үүссэн байхыг үгүйсгэхгүй. С.Баяр дарга нэгэн ярилцлагадаа “Би өөр завинд суугаад явчихсан хүн” гэж өгүүлсэн байдаг шүү дээ. Харин С.Батболд даргад намын даргынхаа халааг шилжүүлэхдээ тэрбээр “1950-аад оныхон хамтдаа нэг завинд сууцгаая. Энэ намыг авч явахаар бүрэн бэлтгэгдсэн 1960-аад оны залуус нэгэн эгнээ болон жагслаа. Тэд намаа удирдан жолоодох ёстой” гэж хэлсэн. Энэ бол улс төрийн жам ёсны үзэгдэл. Ардын намыг 1960-аад оныхон удирдаж байна. Харин тэдний халааг 1970-1990-ээд оныхон хэзээ нэгэн цагт авна. Энэ мэтээр түүх үргэлжлэх л болно.   
                         
 -Тэгвэл та нар Н.Энхбаяраас юу хү­сээд байгаа юм бэ. Танай намын за­луус “Экс Ерөнхийлөгчийн төлөө бид гутлынхаа улыг ханзартал зүтгэсэн. Ер нь дарга нар дулаан газар оргилуун дарс буудуулж байхад бид гадаа чичирч үлддэг” гэж гомдоллох нь олонтаа. Үнэнийг хэлэхэд, энэ бүхэн ичгэвтэр юм биш үү?     

-Манай намын гишүүдээс хэн нь ч Н.Энхбаяр даргад “Та ялагдчихлаа. Бидний хөлс хүч, хөрөнгө мөнгийг хий дэмий үрлээ” гэж эрүү шүүлт тулгаагүй шүү дээ. Тэр байтугай гомдол ч мэдүүлээгүй. Гэтэл Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болсноос хойш хэдхэн сарын дараа “Намайг манай намынхан унагачихлаа” гэж мэдэгдсэн. Хүмүүс ч гайхаж “Яагаад тэр билээ” гэж эргэлзээд зогсохгүй “Энэ хүн муу ажилласан юм биш байгаа” хэмээн нэг нэгнээ хардахад хүрсэн. Харин “Цаг хугацаа бүхнийг харуулна” гэдэгчлэн экс Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн цаана юу нуугдаж байсан нь өнөөдөр тодорхой болчихсон шүү дээ.

-Харин С.Баяр тун ойлгомжгүй байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа бурууг түүнд тохож байсан. Энэ хаврын улс төрийн тоглолтынхоо “хамтрагч”-аар С.Баярыг дахин нэрлэлээ. Тэрбээр АНУ-аас хэзээ ирж, асуудлын хайнааг хагалах бол?

-С.Баяр дарга эзгүй байгаа үед түүн рүү чиглэсэн элдэв дайралт хийж байна. Тэрбээр эх орондоо ирээд энэ талаар тодорхой хариулт өгөх байх. Бидний хувьд, хувь хүний өмнөөс байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Тэгээд ч С.Баяр дарга долдугаар сарын 1-ний үймээний талаар аль хэдийнэ тов тодорхой хариулт өгчихсөн. Тэрбээр лидер улстөрч төдийгүй жудагтай эр хүн гэдгээ харуулсан гэж би боддог. Намын дарга, Ерөнхий сайдын ажлыг хийх үедээ хийж, өгөх үедээ өгч чадсан. Монгол Улсын түүхэнд анх удаа гүйцэтгэх засаглалын тэргүүний албаа өөрийн хүсэлтээр өгсөн. Улс төрийн том намын даргын суудлаа ч лидерийн ёсоор шилжүүлсэн улстөрч. М.Энхболд дарга ч ялгаагүй. Тэд авах үедээ авч чаддаг, өгөхдөө ч бас өгч чаддаг лав л Н.Энхбаяр даргаас огт өөр хүмүүс юм байна лээ.  
-С.Баяр энэ удаад Н.Энхбаярын үйлдлийг юу гэж дүгнэх нь сонирхол татаж байна. Тэрбээр “Тахиа донгодсон ч, эс донгодсон ч үүр цайдгаараа цайна” гэсэн бол Н.Энхбаяр танай намынханд хандаж “Үнэг хөөсөн ноход өмнөх нүхэндээ унадаг шүү” гэж анхаарууллаа?

-Би тэдний хэлсэн үгэнд анализ хиймээргүй байна. Харин залуу хүний хувьд “Хүний хэлсэн үг, хийж буй үйлдэл хоёр зөрөх ёсгүй” гэж боддог. Гэвч хэлэх, хийх нь зөрдөг үзэгдэл Монголд ужгирчихсан юм болов уу даа. “Ард түмэн бол цагаан цаас. Тэрхүү цаасан дээр юу ч бичиж болно” хэмээх тухайн үеийн сэтгэлгээгээр зарим нь асуудалд хандах гээд байна. Гэвч ард түмнийг цагаан цаас гэж бодож болохгүй. Хэрэв тийм байсан бол ганц үсэг ч бичих зайгүй болчихлоо. Ард түмэн маш их улстөрждөг болжээ. Уг нь багш хүн багшийнхаа ажлыг, жолооч хүн жолоочийнхоо үүргийг л биелүүлдэг байх ёстой. Гэтэл бүгд өдөр, шөнөгүй улстөржиж байна. Үүнийгээ дагаад хуулиа ч сахиж чадахаа больжээ гэж бодож байгаа. Тэр тусмаа УИХ-ын даргаар ажиллаж, Монгол Улсын хуулиудад гарын үсэг зуран баталгаажуулдаг байсан хүн хууль зөрчсөн үйлдлүүд хийж буй нь залууст ямар үлгэр дуурайл үзүүлэх билээ. Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлээгүй байж нам байгуулж, түүнийхээ дарга болж, нарийн бичгийн дарга нараа сонгосон нь Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн хэрэг.

-Намын XXVI их хурал, Ардын намын 90 жилийн ойн бэлтгэл ажлын үеэр та нэлээд ачаалалтай ажиллах шиг болсон. Гэвч амсхийхийн завдалгүй долдугаар сарын 1-ний үймээн, МАХН гэдэг товчлолтой холбоотой зарга улам ширүүсэх нь?

-Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын албанд би 2009 оны зургадугаар сард томилогдсон. Өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагааг хэвлэлийнхэнд аль болох нээлттэй байлгахыг зорьж ажиллалаа. Сэтгүүлчид маань ч үүнийг анзаарсан байх. Намын Бага хурлын ээлжит хуралдаанууд, их хурал болон намын бодлого, шийдвэрүүдийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлдэг боллоо. “Нийгмийн ардчиллын аян”, “Ард түмнээ сонсъё” аянд хамтран ажиллаж, хөдөө орон нутгийн иргэдийн үгийг зөвхөн төр засаг, намын удирдлагуудад бус олон нийтэд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийнхэндээ бид талархаж явдаг. Намын XXVI их хурлаас өмнө гурав, дөрвөн сарын туршид хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр бүх гишүүнд намын шинэчлэл, бодлого, зорилтыг таниулахад ихээхэн анхаарч ажиллалаа. Намын шинэчлэлийг зөвхөн нэр солих төдийд хийх биш, үйл ажиллагааны томоохон шинэчлэл хийхийг Ардын намын удирдлагууд зорьж байна. Ардын нам дарга нарын нам байх уу, аль эсвэл ахмад, дунд, залуу үеийнхнээс бүрдсэн улс төрийн хүчин байх уу гэдэгт ч анхааран ажиллаж байгаа. Түүнээс биш улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд хөл алдаж, сандарсан зүйл алга. Ер нь Н.Энхбаяр дарга УИХ-ын дарга байхдаа баталсан Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 хэмээх заалт бий. Түүнийг л баримтлан ажиллах ёстой гэж бодож байна даа.

Ардын нам, ер нь улс төрийн намууд амбицаар дүүрэн байдаг. Намын эрх ашгийн үүднээс үзэл бодол нийлдэггүй нэгэнтэй санал бодол нэгдэхээс аргагүйд хүрч, “Би энэ намын кандидат байна” гэхмэтчилэн элдвээр боорлох хүмүүсээс та залхдаг уу. Ер нь шантарч байна уу?

-Шантрах үе байсан.  Харин одоо   “Ардын нам бол олон түмний нам. Гишүүн бүр нь намынхаа төлөө зүтгэх эрх, үүрэгтэй. Тийм учраас өөрт тохиолдож буй жижиг асуудлуудаас болж шантрах нь утгагүй хэрэг” гэж үзэх болсон. Ер нь нийгэмд эргэлзээтэй олон үйл явдал өрнөдөг л дөө. Гэхдээ би Амарбаясгалан гэдэг хувь хүний үзэл бодлыг эн тэргүүнд тавихаас илүү Ардын намын төлөө зүтгэж буй, олон жилийн туршлагатай, мэдлэг, боловсролтой хүмүүсийн санал бодолд тулгуурлаж, ажиллахыг хичээдэг. Тэгэхгүйгээр дарга гэсэн сэтэртэй бүхэн “Би ингэж шийднэ” гээд тулгачихвал шат, шатандаа алдаа, дутагдал ихтэй л байх байлгүй дээ. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг. Тийм учраас би журмын нөхдийнхөө үзэл бодлыг хүндэтгэн үздэг.

-Тухайлбал, намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нартай хэр ойлголцож ажилладаг вэ. Тэд зан араншин, ажиллах арга барилын хувьд эсрэг цэнэгтэй хүмүүс шүү дээ?

-Тэд нэг нэгнээ гайхалтай сайн нөхөж ажилладаг. С.Батболд даргын тухайд, аливааг эвээр шийдэхийг зорьдог. Харин У.Хүрэлсүх дарга зоримог, шийдэмгий зантай. Ардын намын төлөө олон жил зүтгэж, А-Я хүртэл судалсан кандидатын хувьд тэрбээр тодорхой асуудалд зоримог шийдвэр гаргаж чаддаг. Нам гэдэг хамтын бүтээл учраас тэд дангаараа шийдвэр гаргахаас илүү Удирдах зөвлөл, Бага хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. С.Батболд даргын хувьд, намынхаа чиг шугамыг алдагдуулахгүйн төлөө ажиллаж байгаа.

-Заримдаа “Албан тушаалын шантаажчидтай ясаа цайтал үзнэ” гэж, аль эсвэл хэн нэгнийг шанаадсан гэх дуулиан дэгдээдэг генсек У.Хүрэлсүхтэй та багагүй хугацаанд хамтран ажиллаж байна. Тиймээс “Хүрэлсүх гэж хэн бэ” гэдэг асуултад оновчтой хариулт өгөх хүмүүсийн нэг нь та байх, тийм үү?

-Хүнд итгэвэл итгэсэн шиг итгэж,  ажил хийлгэвэл хийлгэсэн шиг хийлгэдэг хүн. Таны асуултад товч бөгөөд тодорхой хариулъя гэвэл ингэж л хэлэх байна. Тэрбээр намынхаа хэлтсийн даргаар 30 хүрээгүй хоёр залууг томилж, залуу, дунд, ахмад үеийнхний алтан хэлхээн дээр тулгуурлан удирдлагын багийг бүрдүүлсэн нь зоримог алхам болсон гэж боддог шүү.

-Тухайн үед Намын байгуу­лалтын хэлтсийн даргаар томи­логдсон Л.Оюун-Эрдэнэ, хэвлэл мэдээллийн  асуудлыг хариуцсан та хоёрт хүмүүс хэр амбицалж байсан бэ. Намдаа хэлтсийн даргын алба хаших сонирхолтой хүн ч олон байсан биз?

-Монголын улс төрийн намууд дунд боловсон хүчний хамгийн их нөөцтэй нь манай нам. Ямар ч мэргэжлийн аль ч чиг шугамыг баримтлан ажиллах чадвар бүхий хүмүүс Ардын намд хэдэн мянгаараа байна. Бидний эрхэлж буй ажлыг бүрэн утгаар нь хаших, туршлага, мэдлэгтэй хүн ч олон бий. Тийм учраас хүндрэлтэй зүйл тулгарч байсан нь нууц биш. “Хэлтсийн даргаар хоёр залуу томилогдлоо. Намын хувь заяа бүрхэг боллоо” гэх өнгө аясаар хандсан хүмүүс ч байдаг. “Амбицтай хүмүүс байдаг уу” гэж та асуулаа. Тийм хүмүүс бий. Гэхдээ бид “Тэр амбицтай, энэ реакцитай” гэхээс илүү нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж ажиллахыг хичээдэг.

-Та нуулгүй хэлээрэй. Ардын намын дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх хоёр эрх ашиг зөрчилдөж эхэлсэн гэв үү?

-Иймэрхүү мэдээллийг зохион байгуулалттайгаар цацдагийг та бид юу эс андах вэ.

-Тэгвэл Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан дунд Ардын намын мэдээлэгчид байдаг тухайд юу гэж хариулах вэ?

-Хэн тэгж байна вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газарт МАХН хэмээх товчлолын задаргааг бүртгүүлэх гээд хэд, хэдэн удаа очиход “нууц” задарсан байсан гэж Ц.Шинэбаяр гишүүн мэдэгдэж байсан. Тэгээд л тэр?

-(Инээв). Тэднийг буруу замаар явж буйг ойлгоод бидэн дээр эргэж ирсэн хүмүүс бий. Түүнээс биш тэдний дунд мэдээлэгчдийг зохион байгуулалттайгаар шургалуулсан зүйл байхгүй. Харин “Бидэнд ийм мэдээлэл байна. Төдөн төгрөгөөр авах уу” гэж хандсан хүн байдаг. Онцлог нь бид тэр болгонд ач холбогдол өгдөггүй.   
 
-“Тэр сэтгүүлч нэр хүндэд минь халдлаа. Энэ сэтгүүлч намайг гүтгэлээ” гэх мэтээр улстөрчид бухимддаг. Танд “Арай ч дээ, энэ сэтгүүлчид…” гэж халагламаар үе хэр олон тохиолддог вэ?

-За даа, та ч мэдэж байгаа байх. Найзуудтайгаа хэдхэн минут уулзаад гарав уу, үгүй юү намайг зодооны хэрэгт холбосон. Энэ нь надад маш таагүй сэтгэгдэл төрүүлсэн шүү. Итгэж, найдаж, хамтран ажилладаг хэвлэлийнхэн маань ийм зүйл гаргасан гэж бодохоор их зовлонтой санагдаж билээ. Гэхдээ би энд “Хэвлэлийнхэн” гэж бүгдийг нь хамруулмааргүй байна. Ганц, хоёр сонин, телевизийнхэн эзнийхээ бодлогод нийцүүлж, иймэрхүү үйлдэл хийдэг нь бусдынхаа нэр хүндийг сэвтүүлдэг. Ер нь улстөрчид, намууд хэвлэлийнхэнд нээлттэй байх тусам элдэв зөрчилдөөн үүсэх нь багасна. Тэгээд ч сэтгүүлчид аливаад илүү хариуцлагатай ханддаг болсон нь анзаарагддаг.

-НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ та хоёрыг бусадтай зодолдсон гэж өдөр, шөнөгүй “өнгөт”-өөр мэдээлж байсан. Тэгэхэд яг юу болсон юм бэ?

-Бидний хувьд, хоногийн 24 цагаас 15-16 цаг ажиллах нь энүүхэнд байдаг. Тэгэхэд намын 90 жилийн ой болох гээд бид өдөр, шөнөгүй ажиллаж байсан юм. Нэгэн орой найзууд маань “Ажил хэргийн шинж чанартай зүйл ярилцъя” гэхээр нь очоод 15 минут хэртэй л болсон байх. Гэтэл нэгэн залуу над дээр хүрч ирээд “Ардын намын Амарбаясгалан уу даа. Сайн уу” гэхээр нь хэдэн үг сольсон юм. Түүнээс биш тэр залууг би танихгүй, мэдэхгүй, урьд нь тааралдаж ч байгаагүй. Маргааш өглөө нь тэрбээр над руу утасдаж “Чи намайг зодсон. TV9 телевизэд мэдээлэл өгнө” гэхээр нь “Чамтай хоёр үг сольсноос цаашгүй. Хэвлэлийнхэн ч надаас юу болсныг тодруулах байлгүй” гэж хэлсэн л дээ. Харин сүүлд нь бодож суухад намын шинэчлэлийн төлөө зүтгэж, талбайд жагсаал хийсэн залуусын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдах гэсэн юм шиг байна лээ.

-У.Хүрэлсүх дарга юу гэж байх юм?

-“Зарим хүн энэ талаар мэргэшсэн байдаг. Магадгүй, үүнээс ч хэцүү зүйлд та бүхнийг нэр холбоно. Тийм учраас хянамгай байх хэрэгтэй” гэсэн.

-Өөрсдийгөө PR-ч хэмээн дөвийлгөгсөд олон болжээ. Тийм хүмүүс хэр их ирж байна вэ?
 
-Хүмүүс надтай уулзаж, янз бүрийн санал  дэвшүүлдэг. Тэдгээрт нь авах ч зүйл бий, авахгүй нь ч бас байх. Гэхдээ би олон нийтэд чиглэсэн бүтээлч ажил байвал саналыг нь хүлээж авдаг.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-Холбооны инженер. Харин одоо МУИС-д улс төр судлалын чиглэлээр суралцаж байна.

-Та Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Харин УИХ-ын сонгуульд хэзээ нэр дэвших вэ?

-“Тэнэг хүн төлөвлөгөөгөө ярьдаг” гэдэг байх аа. УИХ-ын 2012 оны сонгууль бол маш чухал үйл явц. Сонгуулийн тухай хуулийг хэрхэн шинэчлэхээс манай намын төлөвлөгөө шалтгаална. Ирэх сонгуулиар ард түмэнд бэлэн мөнгөний амлалт өгөхөөс илүү томоохон бүтээн байгуулалтад улс төрийн намууд, улстөрчид маань ухаан бодлоо уралдуулж ажиллаасай гэж хүсч байна даа. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

С.БУТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж