Тимбуктугийн соёлын өвийг хамгаалахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Тимбуктугийн соёлын өвийг хамгаалахыг уриалав

Нэгдсэн үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан соёлын асуудал эрхэлсэн байгууллагын (ЮНЕСКО) тэргүүн Ирина Бокова Мали улсын цэргийн удирдлага ба зэвсэгт бослого гаргасан туарег омгийнхонд хандан ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад орсон Африкийн эртний түүх дурсгалын уран барилгын байгууламжуудыг хамгаалан хадгалахыг уриалжээ.

Мали улсад гуравдугаар сарын 22-нд цэргийн эргэлт гарсан юм. Самуун дэгдээсэн цэргийн ангийн төлөөлөгчид ерөнхийлөгч Амаду Тумани Турег засгийн эрхээс зайлуулсан гэж зарлав. Өнгөрсөн ням гаригт  бослого гаргасан туарегууд Баруун Африкийн хамгийн эртний гурван исламын сүм байдаг Тимбукту хотыг эзэлсэн нь тодорхой болов.

Дэлхийн соёлын үнэлэгдэшгүй өв болох байгууламжуудтай бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөний үр дагаварт гүнзгий түгшиж буйгаа ЮНЕСКО илтгэлдээ илэрхийлжээ. “Тимбукту ба түүний гурван агуу сүм нь хотын ХIV зууны үеийн “алтан эриний” илэрхийлэл бөгөөд эдгээр сүм нь Африкт исламын шашин түгэн дэлгэрэхийн үндсэн гол үүргийг гүйцэтгэсэн юм” хэмээн ЮНЕСКО тэмдэглэжээ.

Тимбукту хотын захирагч Усман Халле (Ousmane Halle) мягмар гаригт “Ассошиэйтед Пресс” агентлагт мэдээлэхдээ, хотыг туарегүүд ба “Ансар ад-Дин” (“Итгэл бишрэлийг хамгаалагчид”) гэх нийтэд төдийлөн танил биш бүлэглэлийн исламын дайчид бүрэн хянаж байгаа гэжээ. “Миний сэтгэлийг зэр зэвсэг ихээхэн зовоож байна. Арми ухрахдаа зэвсгийн баазаа үлдээсэн. Энэхүү зэвсгийг хэн ч авч болохоор байгаа. Хотоор автомат буу барьсан 13-14 насны хөвгүүд хөлхөж байна” гэж хотын захирагч хэлсэн байна. 

Тимбуктугаас гадна босогчид Гао, Кидаль зэрэг томоохон хотуудыг мэдэлдээ авчээ. Мали улсын засагт гарч ирсэн цэргийн хунтын толгойлогч ахмад Амаду Саного гуравдугаар сарын 30-нд туарегуудын бослогод автсан тус орны хойд нутагт байдал хүнд байгаа гээд гадаадын орнуудад хандан цэргийн тусламж үзүүлэхийг уриалсан юм.

“Азавадыг чөлөөлөх үндэсний хөдөлгөөн” байгууллагын туарегууд нь Сахарын цөлийн Малигийн зүүн хойд хэсэг, Буркина-Фасогийн хойд хэсэг, Нигерийн баруун ба баруун хойд хэсэг, Алжирийн зүүн өмнөд хэсэг ба Ливийн баруун өмнөд нутгийг эзэлсэн Азавад бүсийг тусгаарлахын төлөө байгаа юм. Орон нутгийн хэвлэлийн мэдээгээр тэднийг Ливийн Жамахирийн лидер агсан Муаммар Каддафи дэмжиж ирсэн гэнэ. Хувьсгалын явцад алагдсан Каддафийн талынхан салан тусгаарлагчдын эгнээнд орж ирснээр хүчирхийллийн шинэ давалгааг гарга­лаа хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж