Хөрөнгийн зах зээлд оролцохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлд оролцохыг хүсч байна

Монголд өнөөдөр 17 даатгалын ком­пани үйл ажиллагаа явуулж бай­на. Эдгээрийн 16 нь ердийн даат­­гал буюу богино хугацааны даат­­галын үйлчилгээ үзүүлдэг бол үлдсэн нь урт хугацааны буюу амьд­ралын даатгалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх компаниуд нийт дүнгээрээ 56 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Жилдээ 32 тэр­бум төгрөгийн даатгалын ху­раамж төвлөрүүлдэг байна. Мэргэжилт­нүүдийн ярьж буйгаар 2004 оноос манай улсын даатгалын салбар нэ­лээд амжилттай хөгжиж байгаа бө­гөөд жилд 6.5 тэрбум төгрөгийн хохир­лын төлбөрийг даатгуулагчдад олгож байгаа нь чамлахааргүй тоо аж.

Даатгалын компани нь иргэ­дээс хураамж хэлбэрээр татан төв­лөрүүлсэн мөнгөө эргэлтэд оруулан түүнийгээ өсгөж үржүүлэх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.Тэр утгаа­раа иргэдээс авсан хураамжаа өсгөхөд нь эрхзүйн хийгээд эдийн засгийн таатай орчин хэрэгтэй болдог байна. Манай улсад Даатгалын тухай хууль анх 1997 онд батлагдаж байсан ч даат­галын зохицуулалтыг бүрэн хийж чадахгүй байснаас үүдэн 2004 онд шинэчилсэн байна. Цаг алдал­гүйгээр Даатгалын тухай хуулийг ийнхүү шинэчилсэнд сал­барынхан нь нэлээд ам сайтай бай­даг юм би­лээ. Харин уг хуулийн 27.1.1-д  “Даатгагч нь хувьцаа ху­далдаж авах, арил­жих, мөнгө зээ­лүүлэх, өөрийн үнэт цаасыг төл­бөрийн батал­гаа болгож урьдчил­гаа авах нь хо­риотой” гэсэн байдаг нь өнөө­дөр тэдний санхүүгийн ирээ­дүйд бага зэрэг тушаа болоод бай­гаа аж. Гэ­тэл өнөөдөр хө­рөнгийн зах зээл хөгжих дүр зураг харагдаж байгаа нь даатгалын ком­паниудад даат­гуулагчийн мөн­гийг банкинд хад­галуулж хүү горьдож урагш­лах уу, өрсөл­дөөнтэй ч өгөө аваа сайтай хө­рөнгийн зах зээлд хүч үзэж амьдрах чадвараа нэмэгдүүлэх үү гэсэн сонголтын өмнө зогсоход хүргэж байна. Ер нь даатгалын компаниуд хө­рөнгийн зах зээлд оролцоно гэдэг нь зөвхөн тэдний эрх ашигтай холбоотой асуудал бус энэ салбарыг илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах, нөөц хөрөн­гөө өсгөж үржүүлэх, зах зээлээ өргө­жүүлэх боломжийг нээж байгаа юм. Тэгээд ч зах зээл багатай гэгддэг ч манай даатгалын компаниуд болом­жийн хөрөнгийг цуглуулаад байгаа.

Өнөөдрийн байдлаар дээрх даат­галын компаниудын хөрөнгөө өсгөж үржүүлэх хэлбэр нь банкны хүүгээс гадна Засгийн газар болон Орон нутгийн бонд, Төв банкны үнэт цаас худалдан авах төдийхнөөр хязгаарлагдаж байна. ТБҮЦ-ыг эс тооц­вол даатгалын компаниудын ихэнх нь өнөөдөр банкны хүү төдий­хөнд найдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин банкны хад­га­ламжийн хүү зээлийн хүүгээс ха­маардаг учраас манайх шиг зээ­лийн хүү өндөртэй газарт энэ нь өнөө­гийнхөөс өсөх боломж нь хомс.

Удахгүй бид Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуультай болно. Уг хууль хөрөнгийн зах зээл төдийгүй даатгалын салбарыг өргөжүүлэх ча­дамж­тай байж чадах уу. Тухайл­бал, дэлхий ний­тэд түгээмэл байдаг ч манайд ганц­­хан компаниар хязгаарлагддаг амьдралын даатгалын үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хууль бат­лагдсан тохиолдолд олноороо бий болох юм. Улмаар тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын салбарт ахиц гарах боломжтой.

Энэ талаар санхүүгийн зохицуу­лах хорооны Даатгалын газрын дар­га С.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Удахгүй Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдана. Тэгэхээр даатгалын компаниудын үйл ажиллагаа өргөжнө гэж ойлгож болох уу?

-Ер нь энэ хууль даатгалын компаниудтай холбогдож байгаа. Даат­галын компани асар их хэмжээ­ний мөнгийг цуглуулж байна. Түү­нийгээ бэлэн мөнгө хэлбэрээр эргэл­дүүлэх, өсгөх шаардлага байнга бай­даг шүү дээ. Бидний зүгээс уг хуульд оролцоогүй ч даатгалын сал­барын чиг үүрэгтэй холбоотой зарим саналаа оруулсан. 

-Хөрөнгө оруулалтын сан бол урт хугацааны гэдэг утгаараа амьд­ралын даатгалын үйлчилгээ үзүүл­дэг компанийн үйл ажиллагаатай шууд холбогдоно. Манайд энэ төр­лийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг компани ганцхан байдаг юм байна?

-“National life” гээд амьдралын даатгалын үйлчилгээ үзүүлдэг компани бий. Тэднийх энэ тал дээр саналаа удаа дараа илэрхийлж байсан. Ер нь бол уг хууль гарснаар дээр хэлсэн даатгалын компаниудын үйл ажиллагаа өргөжнө шүү дээ.

-Харин даатгалын тухай хуульд даатгагчийг үнэт цаас худалдан авахыг хориглосон байдаг. Тэгэ­хээр уг заалтыг хүчингүй болгох шаардлага гарна гэсэн үг үү?

-Тийм. Тэгж байж л энэ ком­паниудад өөрийнхөө хөрөнгийн чө­лөөт үлдэгдлийг илүү үр ашиг­тай­гаар үржүүлэх боломж нээгдэнэ. Одоо Тавантолгойн хувьцааны та­лаар их ярьж байна. Тэр хувьцааг ху­далдан авах эрх нээгдэж байгаа юм. Ер нь гадаад зах зээлээс ч хувьцаа  худалдан авч болно шүү дээ. Энэ нь банкинд хадгалуулснаас илүү ашигтай байх боломжтой. Гэхдээ найдвартай байлгах үүднээс хяналт тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол Анод банк шиг баахан үнэт цаас аваад дампуурчих эрсдэл бий шүү дээ.

-Хэзээ энэ өөрчлөлтийг хийх бол?

-Засгийн газар, Ерөнхий сайдын түвшинд бизнесийнхэн уулзаж бай­хад даатгалын салбарынхан энэ та­лаар удаа дараа хэлж өөрчлөхийг хүсч байсан. Тодорхой хугацаа хэлж мэдэхгүй ч уг заалтыг тэр чигээр нь авчих болов уу гэж бодож байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж