Польшид тэтгэврийн насыг 67 болгов

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Польшид тэтгэврийн насыг 67 болгов

Польшийн эрх баригч эвсэл тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар зөвшилцсөний үндсэн дээр тэтгэврийн насыг өөрчлөх талаар парламентад санал оруулахаар боллоо. Энэхүү шинэчлэлээр эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 67 насандаа тэтгэвэрт гарч байхаар болох юм. Өмнө нь Польшид эрэгтэйчүүд 65, эмэгтэйчүүд 60 насандаа тэтвэртээ гарч болдог байжээ.

Дональд Тускийн Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөлд тухайн хүн хүсэлт гаргавал 67 наснаас өмнө тэтгэвэрт гарч болох заалт оруулсан байна. Гэхдээ ийнхүү хүсэлт гаргасан тохиолдолд олгох тэтгэвэрийн хэмжээ бага байх юм. Ийнхүү тэтгэврийн шинэчлэл хийх болсон шалтгаан нь хүн ам зүйн асуудалтай холбоотой бөгөөд урьдчилсан тооцоогоор 50 жилийн дараа тус улсад тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо нь хөдөлмөрийн чадвартай хүмүүстэйгээ тэнцүү болох гэнэ.

Иймэрхүү байдлаараа бол хорин жилийн дараа ажиллагсад нь тэтгэврийнхнийг тэжээж чадахгүйд хүрнэ. Тиймээс ийнхүү тэтгэврийн насыг өөрчлөх шаардлагатай болоод байгаа гэж нийгэм судлаач Януш Чапинский тайлбарлав. Тус улсын Үйлдвэрчний эвлэл нь энэ шинэчлэлийг эсэргүүцэж байгаа бөгөөд уг асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэхгүй бол эсэргүүцлийн ажиллагаа хийнэ гэж мэдэгдээд байна. Олон нийтийн санал асуулгаар польшуудын ихэнх нь уг шинэчлэлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж