Н.Мөнх-Оргилын цаазын ялыг хэвээр батлав

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын цаазын ялыг хэвээр батлав

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэгт буруутайд тооцогдож, анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэж, түүнд оноосон цаазын ялыг хэвээр баталсан байна. Өнөөдрийн хуралд Дээд шүүхийн таван шүүгч, харин Н.Мөнх-Оргилын өмгөөлөгчөөр Б.Халзан, Э.Ганбат нар оролцжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, өмнөх шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэсэн хэмээн үзэж, цаазын ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

Одоо энэ хэргийг Дээд шүүхийн бүгд хуралдаанаар хэлэлцэх бөгөөд тус хуралдаанаас дээрхийн адил шийдвэр гарвал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс амь гуйх зам үлдсэн тухай шүүгдэгчийн өмгөөлөгчид хэлж байна.

Анх 2010 онд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цаазын ял сонсч, улмаар нийслэлийн давж заалдах шатны шүүхээс цаазын ялыг хэвээр үлдээсэн бол Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Улмаар хагас жил орчим хугацаанд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  дахин анхан  шатны шүүхээр хэлэлцэж, цаазын ял  хоёр дахиа оноосон юм.

Н.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн  91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн гэм буруутай хэмээн үзэж байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж