Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжиж байна

Манай сонин “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя” цуврал хэлэлцүүлэг өрнүүлдэг. Хэлэлцүүлгийн хүрээнд тус салбарын мэргэжлээр суралцаж буй оюутан залуустай уулзаж санал бодлыг нь сонссон юм. Энэ удаад Шинжлэх ухаан, технологийн сургууль, Геологи газрын тосны сургуулийн “Газрын тос” клубын гишүүн оюутан З.Галсан, Д.Тэмүүлэн, С.Дэлгэрмаа нартай ярилцлаа.


-“Газрын тос” клуб  нь хэзээ бай­гуулагдсан бэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Энэхүү клуб 2006 онд Гео­логи газрын тосны сургуулийн оюут­нуу­дын санаачилан байгуулсан. Манай клубын тэргүүнээр доктор багш В.Алимаа ажилладаг. “Газрын тос” клубын гол зорилго нь оюутан за­луу­чуудыг цаашид суралцах хү­сэл эр­мэлзлийг төрүүлэх, мөн мэргэжлийг нь эзэмшүүлэх талаас нь тэмцээн уралдаан зохион байгуулдаг.

-Газрын тосны чиглэлээр сурал­цаж төгссөний дараа ажлын байр хэр их олддог бол. Мэргэжлээрээ ажил­лах улсын байгууллага байдаг уу?

-Төгсөөд ажлын байр олдохын хувьд олддог. Гэхдээ яг газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын байгууллага, үйлдвэр байхгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэр байгуулчихвал бид ажлын байраар бүрэн хангагдана. Ганц газрын тосны мэргэжил ч биш өөр маш олон ажлын байр бий болно шүү дээ. Хамгийн их эрэлттэй ажлын байр гэвэл нефтийн агуулах барих л байна. Төгссөн  оюутнуудын ихэнх нь шатахуун түгээх станцид ажилд ордог. Оюутнуудад 70 мянган төгрөг өгч байхаар энэ их мөнгийг цуглуулж байгаад боловсруулах үйлдвэр байгуулсан бол ирээдүйд үлдэх үйлдвэртэй, сонгуулиар хэлэх үгтэй болох байсан байх. Өнөөдөр оюутнууд 70 мянган төгрөгөөр юу хийж байгаа юм. Шоудах нь шоудаад л дуусгаж байгаа.

-Засгийн газраас “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” асуудал яригдаж байгаа. Та нарын бодлоор боловсруулах үйлдвэр бай­гуул­вал ямархуу үйлдвэр байгуул­вал зүгээр гэж бодож байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлд­вэр байгуулах хүсэлтэй хувийн хэвш­лийн дөрөв, таван компани байгаа. Тэд өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад байгуулъя гэхэд төр засаг хүлээн зөвшөөрөхгүй 50 орчим хувийг нь эзэмших гээд байгаа. Тэр нь ч бас зөв. Хувийн компаниуд газрын тос боловсруулаад эхлэхээр үнэ ханшинд монополь байдал тогтчих гээд байна. Хувийн хэвшлийн компаниуд Засгийн газар хоорондоо тохиролцоод аль, аль талдаа ашигтайгаар шийдээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Дан ганц хувийн хэвшлийнхэн нефтийн салбарыг атгачихвал хожим хойно бензиний үнэ  дөрөв, таван мянган төгрөг бо­ло­­хыг үгүйсгэхгүй. Тийм учраас төр засаг тодорхой хэмжээгээр үнэ, хан­­шийг хянах шаардлагатай байгаа юм.

-Манай улсад газрын тосны нөөц хэр их байгаа болоо. Энэ мэр­гэжлээр суралцаж байгаагийн хувьд судалсан зүйл байдаг уу?

-Ер нь 300 жилийн нөөцтэй гэж сонс­сон юм байна. Тэгэхээр 300 жил биш ч гэсэн тодорхой хэмжээний нөөц бай­гаа байх. Ирээдүйд газрын тос хэ­рэггүй болох байлгүй дээ. Манай улс газрын тос олборлоод урагшаа Хятад руу маш хямдхан экспортолж байгаа. Импортлохоо болиод өөрсдөө боловсруулаад эхэлбэл газрын тосны нөөц хангалттай гэж бодож байна.

-Газрын тос боловсруулах үйлд­вэр дөрвөн газар байгуулахаар яриг­даж байгаа гэсэн. Хаана баригдах гэж байгаа юм бэ?

-Дархан, Ухаа худаг, Зүүн баян  байгуулах гээд шавийг нь тавьсан.

-Газрын тосыг боловсруулаад бензин, шатахуун гаргаж авах бо­ломж хэр их байгаа вэ?

-Өмнө нь газрын тосыг нэрж бензин гаргаж байсан.Одоо ч бо­лох байх. Манай улсын газрын тос нь маш өтгөн шинж чанартай шата­хууны фракци маш бага байдаг. Харин зуухны түлш болон мазутын хийн түлш гарган авах бүрэн бо­ломжтой. Манай улс ОХУ-аас нефть импортолдог. Тэд хэд гэж хэлнэ тэр үнээр  нь авдаг. Ингэж бусдын хараанд  байснаас өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулчихаад гадаадын оронд экспортлох бүрэн боломжтой. УИХ-ын гишүүд сон­гууль ойртохоор нөгөө л нэг газрын тос боловсруулах үйлдвэр, бас бус хийх зүйлээ санадаг юм шиг бай­гаа юм. Өнгөрсөн сонгуулиар боловс­руулах үйлдвэрийн шав тавигдлаа гээд л байсан тэр нь хэвээрээ байсаар байна.

Ж.БАТТУУЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж