
Сүхбаатар дүүргийн гурван ч дэлгүүрээр хотын дарга орсон. Дамбадаржаа дахь “Огт трейд” компанийн Дэвжих дэлгүүрт нөөцийн мах нийлүүлдэг ”Баатру тэнгэр” компани чанар сайтай мах нийлүүлэх гэрээгээ удаа дараа зөрчиж, хэт туранхай үхрийн мах нийлүүлжээ. Тус компанийн мах чанаргүй байгаа тухай дүүргийн Засаг дарга албан тоот хүргүүлсэн ч алдаагаа арилгалгүй муу мах нийлүүлсээр байгаа тухай дэлгүүрийнхэн болон дүүргийн удирдлагууд танилцууллаа. Иргэдэд сайн чанарын мах нийлүүлэх үүрэг хүлээн хотоос санхүүгийн дэмжлэг авсан “Баатру тэнгэр” компани ийнхүү үүргээ биелүүлэхгүй байгаатай танилцсан Г.Мөнхбаяр дарга, тус компанитай гэрээгээ цуцлан, тооцоо хийж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Нөөцийн махны үнэ, нийлүүлэлтийн талаар хотын төр, захиргааны байгууллагаас авсан арга хэмжээ, шийдвэр үр дүнгээ өгч жил жилийн хавар тэнгэрт хаддаг махны үнэ зах, зээлд тогтворжиж, бүр буурч байгаад иргэд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.