Хятад инфляциа бууруулахын тулд ажлын байраа цөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Хятад инфляциа бууруулахын тулд ажлын байраа цөөлнө

“Юун тэр Мэлрэг цэцгийн хувьсгал. Наана чинь юмны үнэ өсөөд хэцүүдэж байна.” Хятадын эрх баригчид ийн сандарч эхэллээ. Эдийн засгийн хэт тэлэлтээс болж тус улсын дотоодын зах зээл дээр бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсч эхэллээ. Хүн амын тал хувь нь амьжиргааны түвшин доогуур амьдралтай Хятадын хувьд энэ бол маш хүнд цохилт гэдэгтэй хэн ч маргах аргагүй юм. Тэгэхээр одоо тэд юу хийх вэ. Үнийн өсөлтийг бууруулахын зэрэгцээ ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд тэдэнд шинээр ажлын байр гаргаж өгөх нь чухал. Гэтэл ажиллах хүчний зах зээлийг тэлэхийн хэрээр инфляци өсөх хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс Хятадын Засгийн газар нэлээд уян хатан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөндөө тусгажээ.

Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао өнгөрсөн долоо хоногт инфляцийн өсөлтийн талаар онцгойлон анхааруулсан байна. Тэрбээр “Би нэг үгээ олон дахин давтмааргүй байна. Гэхдээ ганц л зүйлийг онцлох гэсэн юм. Бид үнийн өсөлтийг зогсоох ёстой” гэжээ. Энэ талаар 2011-2015 онд Хятадын Засгийн газрын хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд нэлээд тодорхой тусгасан аж. Ерөнхийдөө энэ оны хувьд Хятадын эрх баригчид үнийн өсөлтийн эсрэг бүх хүчээ дайчлах юм. Хятадад инфляци нэмэгдэж байгаа нь гадаад хүчин зүйлээс нэлээд хамааралтай. Хөгжингүй орнууд экспортоо нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний бодлогоо сулруулж байгаа. Үүнтэй зэрэгцээд түүхий эдийн үнэ өссөн. Түүхий эдийн үнэ өсөхөд Ойрхи Дорнодын үймээн, Японы цунамигаас эхлээд Австралийн үер, Орост болсон ган зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн билээ. Зөвхөн газрын тос, нүүрсний үнэ гэхэд сүүлийн гуравхан сарын дотор 30 хувиар өссөн. Сүүлийн үед импортоо нэмэгдүүлж, экспортоо бууруулах бодлого баримталж эхэлсэн Хятадын хувьд энэ бүхэн нь үнийн хөөрөгдөл гаарах гол хүчин зүйл болжээ. Тиймээс инфляцийн өсөлтийг хялбархан зогсоож чадахгүй гэдгээ Хятадын эрх баригчид хүлээн зөвшөөрлөө. Үнэхээр ч өнгөрсөн онд инфляцийг дөрвөн хувь байлгахаар тооцож байсан нь биеллээ олоогүй билээ.

Өнгөрсөн сард Хятадад инфляци 4.9 хувьтай гарсан. Цаашид энэ үзүүлэлт улам нэмэгдэх магадлалтай юм. Гэхдээ Хятадын Засгийн газар үнийн өсөлтийг барихаар шаргуу оролдох нь эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлнө. Эдийн засаг тэлэхээ болино гэдэг ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс “Бид инфляцитай тэмцэх явдлыг эн тэргүүний зорилт болгож байна. Мөн харьцангуй уян хатан бодлого явуулах хэрэгтэй” хэмээн Вэнь Зябао нэгэнтээ онцолж байв.

Хятадын албаны төлөөлөгчид 2011-2015 онд эдийн засгийн өсөлтөө долоон хувьтай байлгах зорилт тавьжээ. Тус улс арваннэгдүгээр таван жилийн төлөвлөгөөндөө эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байхаар тооцож байсан юм. Гэтэл өнгөрсөн жилүүдэд энэ үзүүлэлт хэдийнэ хоёр оронтой тоонд хүрчээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Хятадын эдийн засаг 10.3 хувиар тэлсэн билээ. Тиймээс энэ удаагийн таван жилийн төлөвлөгөө бодитой биелэх эсэх нь нэлээд эргэлзээтэй юм. Энэ оны хувьд Хятадын эрх баригчид инфляцийг дөрвөн хувьд барихаар төлөвлөж байна. Уг зорилгодоо хүрэхийн тулд өнгөрсөн аравдугаар сараас хойш Хятадын Ардын банк бодлогын хүүгээ гурван удаа өсгөж, арилжааны банкуудад нөөцийн хөрөнгөө таван удаа нэмэх шаардлага тавьсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд Бээжингээс орон сууц, үл хөдлөх хөрөнгөд ноогдуулах татварын хэмжээгээ өөрчилсөн юм.

Үнийн өсөлтөөс болж Хятадад цалин нэмэгдэх хандлагатай болжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус улсад цалин 14 хувиар нэмэгдсэн  талаар “HSBC” мэдээлсэн байна. Хятадын үйлдвэрлэгчид ажиллах хүчний өртөг өсч байгаа талаар нэлээд гомдоллох болсон байна. Хятадын эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдсаны гол шалтгаан нь хямд ажиллах хүчинтэй холбоотой. Хямд ажиллах хүчин их байгаагийн ачаар тус улсын иргэдийн нэлээд хувь нь амьжиргааны баталгаатай болсон юм. Гэхдээ ажиллах хүчний өртөг ихэсч байгаагаас Хятадын төв хэсэгт байрлах томоохон үйлдвэрүүд ажилчдынхаа тоог нэмэхээс татгалзаж эхэлсэн нь өөр нэг давуу тал бий болгож эхэллээ хэмээн зарим шинжээч үзэж байна. Тухайлбал, томоохон хотууд руу төвлөрөх хандлагатай байсан хятад иргэд нутаг дэвсгэрээрээ тархаж эхэлжээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар эдийн засаг нь хурдацтай тэлж байгаа Хятадын хувьд энэхүү инфляцийн өсөлт нь харьцангуй эрүүлд тооцогдох юм. Мэдээж хэрэг, хэмжээг нь хэтрүүлчихгүй бол шүү дээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгааг дагаад цалин өснө. Тэр хэрээрээ Хятадын дотоод зах зээлийн чадамж нэмэгдэж, эрэлт ихэснэ гэсэн үг. Нөгөө талаар энэ бүхэн нь АНУ тэргүүтэй орны хувьд юанийн ханшийг сулруулах сайхан боломж юм.

Одоогоос хэдхэн жилийн өмнө Хятадын Засгийн газар дифляци нэмэгдэж байгаад хамгийн их санаа зовж байв. Энэ нь тухайн үед хэрэглэгч зах зээл болох АНУ, Европын хувьд сайхан боломж болжээ. Гэвч одоо тэр үе нэгэнт ард  хоцорлоо. Инфляцийн өсөлттэй зэрэгцээд Хятадын бодлого боловсруулагчдын санааг зовоож байгаа өөр нэг зүйл бол ид ажил хийх насныхан хүн амынх нь дийлэнх хувийг эзэлж буй явдал. Тэд хэдэн жилийн дараа хөгширч, тэтгэвэрт гарна. Тэр үед Хятадын Засгийн газар нийгмийн халамжид зарцуулах хангалттай хөрөнгөтэй байх шаардлагатай юм. Тиймээс энэ асуудлыг одооноос бодолцож үзэх хэрэгтэй хэмээн шинжээчид үзжээ.

Хятадын арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд инфляцийг бууруулахаас гадна ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг нэмэх тал дээр нэлээд олон зүйлийг тусган оруулсан байна. Тухайлбал, газар тариалангийн салбарыг шинэчлэх, орон сууцны зах зээлийн тогтолцоог өөрчлөх тухай онцолжээ. Мөн стратегийн долоон том үйлдвэрт хөрөнгө оруулж, үйлдвэрүүдийн чанарыг сайжруулахаар төлөвлөж байгаа аж. Хятадын Засгийн газар уг ажилд зориулж 1.5 их наяд ам.доллар зарцуулах юм. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаагийн нэг шалтгаан нь техник, технологийн хөгжлийг авчрах зорилготой холбоотой. Энэ бүхэнтэй зэрэгцээд инфляци, орон сууцны зах зээл дэх үнийн хөөрөгдөл, авлига, ажил эрхлэлт зэрэг олон асуудал Хятадын эрх баригчдын анхаарлын төвд байх юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж