“Тусгай салаа 2”-ын дууг Д.Жаргалсайханд зориулан бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа 2”-ын дууг Д.Жаргалсайханд зориулан бичжээ

Үзэгчдийн хоёр сарын турш байлдан дагуулсан “Тусгай салаа” киноны үргэлжлэл болон “Тусгай салаа 2” кино нээлтээ хийсэн юм. “Тусгай салаа” олон ангит киноны дууг  “Fire” хамтлагийнхан “Тусгай салааны марш” дууг дуулан залуусын дунд хит болон  цэргийн маршид хүртэл дуулагдах болсон. Тэгвэл “Тусгай салаа 2” киноны дуу нэлээн ажиллагаатай бүтжээ. Тус дууны үгийг  киноны зохиолч А.Амарсайхан зохиож, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ буюу Аранза хөгжмийг нь бичин “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан дуулсан юм. Эл дууны үгийг анх хоёр хувилбараар бичин ая зохиогч Аранзад өгчээ. Хоёр хувилбарын аль нь ч дангаараа аятайгаа наалдаж өгөхгүй байсан тул Аранза хоёр шүлгийг нь нийлүүлэн нэг болгон базаад зохиогч Амарсайхныг дуудан түүнд “Чиний л бичсэн үгнүүд шүү би үг нэмээгүй” гэснээр “Тусгай салаа 2” киноны дууны үг бүтжээ. Тус киноны зохиолч Амарсайхан “Дууны үг гэдэг чинь өөр зүйл байдаг юм лээ. “Тусгай хорооны дайчид алхана, Тусгаар улсын цэрэг алхана, Тусгал цэцэн зэвсгээ мөрлөөд” гээд л “Тус” гэдгээр мөр ижилсүүлээд бичсэн байсан. Дуулахаар үгийн цохилт нь одоо дуулж буй хувилбарынхаас сүр муутай сонсогдоод ерөөсөө болохгүй байсан. Ингээд л өмнө нь өөрөөр бичсэн хувилбараасаа мөр оруулж дуулуулсан. Аранза инээгээд л “Чиний л бичсэн үгнүүд шүү” гээд байдаг. Надад болохоор тусгай, тусгаар, тусгал гээд эхэлж байвал сонсголонтой баймаар. Гэхдээ дуу л бичиж байгаагаас цааш дуулахад аль нь зохимжтойг нь сонгох нь зөв юм билээ. Алтрах харгуйг ээжүүд харуулдана, Алсрах жагсаалд цэргүүд жигдэрнэ гэснийг алтрах, алсрах гээд үгнүүд дуулахаар бас л биш сонсогдоод явчихсан. Ийм л байдлаар газар дээр нь үгээ янзалсаар байтал дуу төрсөн дөө” хэмээн ярьсан юм. Дашрамд сонирхуулахад хөгжмийн зохиогч Аранза энэхүү дууны хөгжмийг  бичихдээ Жагаа ахыг бодож байгаад хоолойд нь тохируулж хийжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж