Өнөөдрийн гардуулж буй глюкозжсон гемоглобин хэмжигч багаж нь сүүлийн 3 сарын туршид цусны сахар ямар түвшинд байсныг хэмжих бөгөөд чихрийн шижинтэй хүмүүсийн өвчлөлийн явцын хяналтыг үнэлэх, хүндрэлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой шинжилгээний дэвшилтэт технологийн нэг ажээ. Энэхүү багаж өмнө нь зөвхөн диабетын төвд 1 ширхэг байсан бол одоо Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд олгогдох юм байна.
Дэлхийн дахинд 2010 онд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 285 саяд хүрнэ хэмээн тооцоолсон ба чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг байна.
Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотойгоор Монголчуудын дунд халдварт бус өвчний (ХБӨ) тархалт жил бүр нэмэгдсээр байгаа билээ. 2009 онд Монгол улсад хийгдсэн ХБӨ-ний хоёрдох удаагийн үндэсний хэмжээний тархалтын судалгаагаар чихрийн шижин 6,5%-тай байгаа нь нотлогджээ.
Дээрх судалгаануудаас үзэхэд Монгол улсад 60.000-80.000 хүн чихрийн шижингээр өвчилсөн байх магадлалтай боловч албан ёсны дүнгээр 2009 оны байдлаар 7000 орчим хүн чихрийн шижинтэй болох нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож, дотоод шүүрлийн эмчийн хяналтад эмчлэгдэж байна. Өөрөөр хэлбэл чихрийн шижингийн дөнгөж 10 гаруй хувийг нь л илрүүлсэн байна. Иймд чихрийн шижинг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бодитоор гарч байна.
Ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн, Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга С.Туул, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван зэрэг албаны хүмүүс оролцов.