“Саут гоби”, “Професи”-гийн хувьцаа өсөлттэй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Саут гоби”, “Професи”-гийн хувьцаа өсөлттэй байна

Өнгөрсөн ням гаригт хоёр томоохон компани нэлээд онцгой мэдээллийг олон нийтэд хүргэснээр хувьцаа нь огцом өсч байна. Одоогийн байдлаар “Саут гоби ресорсиз” компанийн Торонтогийн биржид арилжаалагддаг “SGQ” кодтой хувьцаа 7.52 канад доллар, харин Хонконгийн биржид худалдаалагддаг “1878” код бүхий хувьцаа нь 58.15 хонконг долларын үнэлгээтэй байна.

Өчигдрийн байдлаар тус компанийн хувьцаа 7.72 канад доллар, 61.15 хонконг доллар болж, хувьцаа нь сүүлийн таван сард байгаагүй  өндөр ханштай болсон юм. Тус компанийн хувьд 2010 оны нэгдүгээр сарын 29-нд Хонконгийн бирж дээр IPO хийж байсан билээ. Гэхдээ компанийн хувьцааны үнэлгээ төдийлөн өсөөгүй гэж хэлж болно. Хувьцааны анхдагч арилжааныхаа нэрлэсэн үнийг “Саут гоби” 17 канад доллар буюу 126.04 хонконг доллараар тухай үедээ тогтоож байсан ч,  хувьцаа тогтоосон үнээсээ доогуур ханшаар худалдаалагдсан юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус компанийн хувьцаа нэрлэсэн үнийнхээ босгыг бараг даваагүй гэж хэлж болно. Он гарсаар хувьцаа нь 45 долларын үнэтэй байсан бол хоёрдугаар сарын сүүлээр 59 доллар болж үнэлгээ нь өсчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар тус компанийн хувьцааны дундаж үнэлгээ 50 долларт хэлбэлзсэн бол Хятадын төрийн өмчийн “Чайналко”-гийн охин компани “Чалко” тус компанийн 60 хувьд оногдох хувьцааг 925 сая ам.доллараар худалдаж авах тохироо хийсэн тухай мэдээлэл цацагдсанаар 61 доллар болтлоо өсөв. Энэ нь “Чалко” тус компанийн хувьцааг 8.48 канад доллараар буюу 30 хувиар илүү үнэлэн худалдаж авна гэсэнтэй холбоотой юм.

Өнөөдрийн байдлаар “Саут гоби” Resources” компанийн хувьцааны үнэлгээ ялимгүй буугаад байгаа ч удахгүй “Чалко”-гийн хэлсэн үнээс илүү гарах магадлал өндөр байна. 

“Саут гоби”-ийн 57.6 хувийг “Айвенхоу Майнз” компани эзэмшдэг . “Айвенхоу”-гийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд өнгөрсөн хоёрдугаар сард компанийн эзэмшлийн зарим хэсгийг зарах замаар “Оюутолгой” төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олох талаар “цухуйлгаж” байсан нь ийнхүү биеллээ олж эхэлж байна. “Чалко” “Айвенхоу”-гийн 57.6 хувийн хувьцааны эзэмшлийг 891 сая ам.доллараар худалдаж авахаар болоод байгаа юм.

“Професи Коал” компанийн хувьд Хэнтий аймагт “Чандгана” эрчим хүчний нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын “Чандгана” цахилгаан станц байгуулах гэж байгаа юм. Тус компани өнгөрсөн ням гаригт уг цахилгаан станцыг байгуулахад шаардлагатай санхүүжилтын нэг хэсэг болгож 800 сая ам.долларын эх үүсвэр олсноо мэдээлсэн юм. Компани  Монголын нутагт тэрбум гаруй тонн эрчим хүчний нүүрсний нөөц илрэх боломжтой газарт тусгай зөвшөөрөлтэй нь ихээхэн давуу тал юм.

Канадын “Професи Коал” компани ирэх тавдугаар сард Монголын Засгийн газартай цахилгаан станц байгуулах албан ёсны гэрээ байгуулахаар ажиллаж буй. Гэрээг тус компани 25 жилийн хугацаатай байгуулахаар төлөвлөж байна. “Професи” Хэнтийд байгуулах станцаа 4200 МВт-ын хүчин чадалтай болгох томоохон зорилтыг мөн дэвшүүлжээ. Эхний ээлжинд цахилгаан эрчим хүчээ Монголд, дараа нь Хятадад нийлүүлэхээр төлөвлөж байна.

“Професи Коал”-ын хувьд харьцангуй жижиг компани хэдий ч Монголд эрчим хүч шаардлагатай байгаа энэхүү орон зайг анзааран уг салбарт томоохон төслийг хэрэгжүүлэхээр амжилттай ажиллаж буй учир цаашид ихээхэн өргөжих магадлалтай болж байна.

“Професи”-н хувьцаа өчигдөр Торонтогийн бирж дээр 5 хувиар өсч, 0.435 доллар болсон бөгөөд одоо үргэлжлэн өссөөр байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж