Герман “ногоон” эрчим хүчнээс татгалзаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Герман “ногоон” эрчим хүчнээс татгалзаж эхлэв

Японы Фукушимагийн ато­мын цахилгаан станцын сүйр­лийн дараа байгалийн эх үүсвэртэй эрчим хүчийг илүү ашиглах тухай асуудлаар хэд хэдэн орон онцгой анхаарах болсноо зарлаж байсны нэг нь ХБНГУ байсан билээ. Гэвч Герман улс өнгөрсөн долоо хоногт болсон парламентийнхаа хуралдаанаар нарны эрчим хүчийг ашиглах төслийг сан­хүү­жүүлэх хэмжээгээ бууруулж байгаагаа зарласан байна. Бундес­тагийн мэдээллийн сай­тад гарсныг үзвэл нарны эрчим хүчний төслийг санхүүжүүлж байгаа төсвөө Герман улс 30 хувь хүртэл бууруулах шийдвэр гаргаж байгаа юм байна. Энэ хууль дөрөвдүгээр сараас эх­лэн мөрдөгдөж байгаа бөгөөд ингэснээр Германы иргэдийн татварт өгөх мөнгө ч багасч германчууд бага ч болов мөнгөө хэмнэх болж байна. Учир нь нарны эрчим хүчийг ашиглах төслийг иргэдийн татварын мөнгөөр бүрдүүлж байсан бөгөөд зарим судалгаагаар бол Германы иргэн бүрээс сардаа 70 еврог авдаг байсан байна.

Харин энэ хуулийн эсрэг байр суурь баримталж байгаа сөрөг хүчний төлөөлөл хууль хэрэгжиж эхэлсэн өдрийг “эрчим хүчний шинэчлэлийн хувьд хар өдөр боллоо” хэмээн зар­лаад ширүүн шүүмжилсэн байна. Гэхдээ Герман улсад нарны эрчим хүчнээс татгалзах болсон хэд хэдэн ноцтой шалтгаан бий гэж хуулийг санаачлагчид байр сууриа хамгаалсаар байна.Тэдний ярьж байгаагаар бол хамгийн гол шалтгаан нь өрсөлдөөн буюу нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр Хятад зэрэг орнуудад зах зээлээ булаалгасантай хол­боо­той юм байна. Хятадууд нарны эрчим хүчийг гаргаж авах тоног төхөөрөмж, нарны илчийг хурааж авах хавтан зэргийг герман­чуудаас хамаагүй хямд зардлаар үйлдвэрлэж байгаа нь ийм байдалд хүргэж байгаа бололтой. Хятадын хямд өртгөөр хийгдсэн нарны эрчим хүчний төхөөрөмжүүд Германы зах зээлийг аажим аажмаар эзэлж мөн захиалга нь ч ихэсч байгаа тул Германы компаниудын хийсэн бүтээгдэхүүн үндсэндээ шахагдаж, эрэлтгүй болж байгаа юм байна.Сүүлийн үед Германы нарны эрчим хүчийг ашиглах төхөөрөмж бүтээдэг хэд хэдэн компани дампуурлаа зарлаад байгаа ажээ. Нөгөө талаар Германы удирдлага нарны эрчим хүчийг ашиглах салбарт тулгарч байгаа асуудлыг шийдэж өгөх­гүй байсны дээр иргэдийн татва­рын мөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах талаар огт ан­хаа­раагүй нь ийм байдалд хүргэсэн гэх шүүмж ч бас гарч байгаа юм байна. Герман улс өнгөрсөн оны зун эрчим хүчний шинэчлэл хийх болж байгаагаа зарласан бөгөөд 2022 он гэхэд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзана гэж байсан юм. Мөн цаашдаа 2050 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж зарлаж байсан билээ. Гэвч дээрхи шинэ хуулийг баталсны дараагаар сэргээгдэх эрчим хүчний ирээдүйд итгэхгүй байгаа зарим улстөрчид гарч ирсэн байна. Тэдний зүгээс нарны эрчим хүчийг ашиглах томооохон байгууламж бий бол­гох нь эрчим хүчний сүлжээг сүйрүүлэх болно гэж үзэж байгаа юм байна.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж