Нимбэгний хүчил нян устгахаас гадна гялалзуулж, өнгөлөх чадалтай. Таатай үнэрт нь “согтонгоо” толгой өвтгөсөн цэвэрлэгээний ажлыг торох юмгүйгээр хийчихэж болно шүү. Дараахь зөвлөгөөг анхааран уншаарай.
Зэс, никель сав суулгыг өнгөлөх хэрэг гарвал тал нимбэгийг шахан шүүсийг нь гаргаад бага зэрэг ургамлын тос хийж байгаад өнгөлөөрэй. Сайхан гялалзана. Чимх давс нэмбэл бүр ч янзтай.
Хаалга, бариул, хана, тавцан гээд арчиж зүлгэх зүйлс барагдахгүй. Тусгай зориулалтын шингэнийг бид ашиглан энэ цэвэрлэгээг хийдэг. Үүний оронд шүршигч саванд хэдхэн ширхэг нимбэг шахаж хийгээд дээрээс нь бага зэрэг савангийн уусмал нэмээд арчаад үз. Нимбэг нян устгаж, саван өнгө оруулна.
Аяга таваг угаагч шингэн дууссан үед аминд орох нэгэн зөвлөгөө өгье. Нимбэг таллаж зүсээд дээрээс нь сода цацна. Түүгээрээ аяга тавгаа зүлгэн угаана. Тос ямар ч асуудалгүй арилна. Дээрээс нь сайхан үнэр гарна.
Хөлсөнд нэвчсэн хувцас, эвгүй үнэртэй оймс, гутал угаах тийм ч сайхан биш. Тэгвэл угаалгын нунтган дээрээ нэг халбага нимбэгний шүүс нэмж хийвэл муухай үнэр дороо арилна. Хувцас ч анхилам үнэртэй болно.
Бага зэрэг нимбэгний шүүсийг усанд хийж байгаад цонхоо арчвал гайхалтай гялалзана.
Мах хэрчдэг модыг нимбэгээр бас цэвэрлэж болно. Зүссэн нимбэгээр сайтар зүлгээд арван минут хэртэй байлгаад усаар угаана. Элдвийн толбо, халтартсан нь арилна. Гол нь нян устгагдана.
Богино долгионы зууханд бид хоол халаах, шарах явцад хоол зуухны дотор хана руу үсэрч наалддаг. Үүнээс үүдэн зуухны дотор тал бохирдон нян үүсдэгийг тэр бүр анзаардаггүй. Үүнийг хялбархан цэвэрлэж болно. Нимбэгийг нарийхан нарийхан зүсээд тавган дээр тавиад зуух руу хийнэ. Тэгээд хамгийн өндөр хэм дээр нь нэг минут байлгана. Түүний дараа алчуураар дотор хануудыг сайтар арчина.