“МанЮ”-гийн гоолгүй тэнцээ сүйрэл авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“МанЮ”-гийн гоолгүй тэнцээ сүйрэл авчирлаа

Өнгөрсөн шөнө “Блэкбурн”-ы талбайд зочилсон лигийн аварга “Манчестер Юнайтед” гоолгүй тэнцэж, оноо хувааснаар дөрөв дэх жилдээ дараалан Английн Премьер лигт түрүүлэх зорилго нь талаар өнгөрөхөд хүрээд байна.
Уейн Рүүни гэмтлийн улмаас тоглолтыг өнжсөн учир довтолгоондоо асуудалтай байгаа “МанЮ” өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлж чадсангүй. “Блэкбурн”-ий хувьд ч талбай дээрээ чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Тэд энэ улиралд лигийн элитүүд болох “Челси”, “Ливерпуль” нартай мөн талбайдаа эвийн гэрээ байгуулсан юм. Болгар довтлогч Димитар Бербатов тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс 10 гаруй минутын өмнө ялалтын гоол оруулахад тун ойрхон очсон ч эзэн багийн хаалгач Пол Робинсон довтолгоог амжилттай хаажээ.
Ийнхүү тэнцээний нэг оноо авснаар “МанЮ” 73 оноотой болж, лигийн тэргүүлэгч “Челси”-гээс нэг оноогоор хоцорсон хэвээр үлдлээ. Гэхдээ Лондонгийн “Цэнхрүүд” нэг тоглолт дутуу байгаа. Тэд мягмар гаригийн үдэш талбайдаа “Болтон Вандерерс”-ийг хүлээн авах бөгөөд хэрэв хожвол улирлын тоглолтууд өндөрлөхөд дөрвөн тоглолт дутуу байхад дөрвөн онооны давуу болох юм. Мөн тэргүүн байрын төлөө өрсөлдөж буй “Арсенал” лхагва гаригийн үдэш “Тоттенхэм”-ийн Уайт Харт Лейн цэнгэлдэхэд зочилно.
Өнгөрсөн шөнө болсон Премьер лигийн бусад тоглолтын тухайд “Манчестер Сити” талбайдаа “Бирмингхэм”-ийг хүлээн авч тоглон, 5:1 харьцаатай хожсоноор Премьер лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байраа хамгаалан үлджээ. Харин “Ливерпуль” талбайдаа “Фулхэм”-тэй гоолгүй тэнцэж, зургадугаар байрт бичигдсэн хэвээр үлдсэн бол “Вулверхэмптон” мөн талбайдаа “Стоук”-ийг хүлээн авч, тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:
“Блэкбурн” 0:0 “Манчестер Юнайтед”
“Ливерпуль” 0:0 “Фулхэм”
“Манчестер Сити” 5:1 “Бирмингхэм”
“Вулверхэмптон” 0:0 “Стоук Сити”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж