Афганчууд “Facebook” ашиглаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Афганчууд “Facebook” ашиглаж эхэлжээ

“Гэр бүлийнхнийг минь алж, миний нулимсыг барж буй АНУ, дэлхийд баярлалаа” гэсэн бичигтэй уйлж буй хүүгийн зургийг нэгэн  афган хүү “Facebook” хуудсанд тавьжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Афганистаны хоёр тосгонд 17 энгийн иргэнийг буудаж хөнөөсөн аллагад 10 настай хүү гэр бүлийнхээ хүмүүсийг алдсан аж. Зургийг  “Facebook” ашиглаж сурч буй хөршийнх нь хүү авсан гэнэ. Тэрбээр “Facebook”-тээ "Энгийн иргэдийг хөнөөсөн дээрх хэрэг афганчуудыг хилэгнүүлсэн. Хэрэв би тэр өдөр америк түрүүчтэй таарсан бол би чадах бүхнээ хийх байсан” гэжээ. Хүмүүс “Facebook”-ээр дамжуулан Афганы тосгонд юу болсон, хүүхдүүд хэрхэн дайны хөлд үрэгдэж байгааг болон цэргүүд Коран судрыг шатаасан талаар уур бухимдлаа илэрхийлсэн коммент үлдээж буй талаар Кабулын нэгэн график дизайнер ярьсан байна. НАТО-ийн цэргүүд өнгөрсөн сард Афганистаны Панжвай дүүрэгт лалын шашинтнуудын шүтээн Коран судрыг шатааснаас болж хилэгнэсэн иргэд мөргөлдөөн гаргасан билээ. Мөргөлдөөний улмаас 30 гаруй хүн амиа алдсан юм. Дээрх хэрэг намжаагүй байхад цэргийн бааз байрлаж буй Кандагарын хоёр тосгонд америк түрүүч энгийн 17 иргэнийг гэрт нь буудаж хөнөөсөн хэрэг олны үзэн ядалт, хилэнг дээд цэгт нь хүргээд байгаа гэнэ. Дээр хэргийг үйлдсэн америк түрүүчийг Афганчууд өөрсдийн шүүхээр шүүхийг шаардсан боловч АНУ цэргийн шүүхээр шүүж, 17 ял тулгасан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж