Сирийн босогчдыг санхүүгээр тэтгэхээр болов

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Сирийн босогчдыг санхүүгээр тэтгэхээр болов

Олон улсын хамтын нийгэмлэгүүд Сирийн босогчдыг санхүүгээр дэмжиж, харилцаа холбооны хэрэгслээр хангахаар болсон байна. Сирид босогчдын эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлсэн иргэний дайны галыг зогсоохыг Ерөнхийлөгч Башар аль-Ассадаас уриалсан дипломат хэлэлцээ үр дүнд хүрээгүй билээ. Станбулд болсон Сирийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Персийн булангийн орнуудын удирдагчид оролцож, Башар аль-Ассадын дэглэмийг унагахын тулд Сирийн чөлөөлөх армийн босогчдыг санхүүгээр тэтгэх олон сая ам.долларын сан байгуулахаар санал нэгджээ. Персийн булангийн гишүүн орнууд тус санг Башар аль-Ассадыг унагах алтан сав гэж нэрлэж байгаа гэнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сирид энгийн иргэд хэрхэн бөмбөгдөлт, дайралтад өртөж, хохирч буйг харуулахын тулд Сирийн чөлөөлөх армийн цэргүүдэд харилцаа холбооны хэрэгсэл олгож эхэлсэн гэж мэдэгдсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгүүд Сирид иргэний дайны галыг зогсоохын тулд босогчдыг зэвсгээр хангах, зөвхөн хүмүүнлэгийн тусламж өгөх асуудлаар санал хуваагдаад байсан аж.  Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад гал зогсоох амлалтандаа хүрэлгүй өдийг хүрсэн тул олон улсын хамтын нийгэмлэгүүд дээрх арга хэмжээг авахаар болсон байна. АНУ болон Турк зэрэг орнууд Сирийн иргэний дайныг ямар ч үнээр хамаагүй зогсоох нь зүйтэй гэж үзсэн бол Саудын Араб болон Персийн булангийн орнууд босогчдыг зэвсгээр хангахыг эсэргүүцэж байжээ.  Станбулд болсон дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцруулахын тулд олон улсын зүгээс хориг арга хэмжээг чангатгахыг санал нэгтэй зөвшөөрчээ. Сирид Ливийн дарангуйлагчийн дэглэмийг унагасан шиг олон улсын цэргийн хамтарсан ажиллагаа явуулах санал НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хоёр гишүүн ОХУ, Хятад эсэргүүцсэнээс Сирийн асуудал мухардалд орсон юм. НҮБ-аас явуулсан судалгаагаар Сирид нэг жилийн өмнө эхэлсэн эрх баригчдыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөнд амиа алдсан хүмүүсийн тоо 9,000-д хүрч, энгийн иргэд хэдэн арван мянгаар  иргэний дайны хөлөөс дайжиж хөрш зэргэлдээх Турк, Леван, Йордан руу дүрвэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж