Булганчууд хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Булганчууд хандив өргөв

Булган аймгийн төр захиргааны байгууллага, ард иргэд газар хөдлөлтийн гамшгийн улмаас хүнд хэцүү нөхцөлтэй байгаа Япон улсын ард түмнийг сэтгэл санаагаар дэмжиж байгаагаа илэрхийлэн хандив тусламж үзүүлэх хөдөлгөөн өрнүүлэн илгээгээд байна. Булган нутгийнхан бол сүүлийн жилд Япон улстай хамтын ажиллагаагаа өргөтгөн төсөл хөтөлбөрийн шугамаар олон зуун  мянган төгрөгийн арга хэмжээ хэрэгжүүлж мөн хэд хэдэн чиглэлээр хэрэгжүүлсэн зээлийн үр шимийг хүртэж ирснээрээ бахархаж байдгаа  илэрхийлж байна. Тус аймаг япон улстай хамтран ажилладаг үйл ажиллагааны хэлбэр чиглэлийн талаар зарим хүмүүстэй уулзан мэдээлэл авлаа.

Аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргал:

   

-Манай нийгмийн салбарынхан японы ард түмний дэмжлэг тусламжийн удаа дараа авч ирсэн. Заримаас нь дурдвал нэлээд хэдэн жилийн өмнө “Өвсний үндэс” хөтөлбөрөөр эмнэлэг, цэцэрлэгийн барилга барин ашиглаж байсан. Японы Засгийн газрын “Жайка”  байгуулларгын санхүүжилтээр “Иргэдийн оролцоотойгоор сургууль цэцэрлэгийн барилгыг сэргэээн засварлах төсөл”-ийг Бүрэгхангай, Орхон зэрэг суманд хэрэгжүүлсэн. Сайн дурын 20 гаруй ажилтныг Баян-Агт, Сэлэнгэ, Гурванбулаг зэрэг суманд хүлээн авч, мөн одоо ч хүүхдийн төлөө хэлтэс болон бусад зарим агентлагт ажиллуулж байна. Монгол улсаас япон улстай диполмат харьцаа тогтоосны 35 жилийн ойгоор япон улсыг сурталчлах соёлын өдрүүдийн арга хэмжээ зохион байуулсныг хөдөө орон нутагт анх удаа санаачилсан чухал ажил боллоо хэмээн Элчин сайдын яамнаас талархал илэрхийлж байлаа. Өрхийн эмнэлэг дээр хэрэгжүүлсэн төслийн хугацаа дууссанд хяналт үнэлгээ хийгээд өргөтгөж үргэлжлүүлэн ажиллах болсон.

Аймгийн эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:

    -Японы олон улсын сувилахуйн сангийн санхүүжилтээр “Иргэдийн оролцоотой эх хүүхдийн төлөө эрүүл хот бүтээх” төслийг аймгийн төвийн гуравдугаар багийн өрхийн “Эмийн цэцэглэн” эмнэлэгт 2008-2010 онд хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Энэ төслийг хариуцан манай хамт олны дунд японы иргэн Такашима ажиллаж байгаа. Тусгай баг ирж хэрэгжүүлэлтийн байдалд нь хяналт шинжилгээ хийж үр дүнтэй болсон гэсэн үнэлгээ дүгнэлт гарган дахин хоёр жилээр сунгаад байна. Урьдахаасаа улам өргөжиж нэг өрхийн эмнэлгийг хамруулж байсан бол одоо нийт өрхийн эмнэлэгт хэрэгжүүлэх боллоо. Ингэснээр нэг багийн иргэдийг хамарч байсан бол одоо зургаан багийн иггэд энэ төслийг үр шимийг хүртэх болсон. Мөн “Эх үрийн дэвтэр” гэсэн төслийг хоёр багт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Даваасамбуу:

    -Япон улсын Ойта мужийн “Нэг тосгон-нэг бүтээгдэхүүн” туршлагаар сум байгууллагууд өөрийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн, шинэ ажил үйлчилгээ бий болгох ажил манай аймагт өргөн хүрээнд өрнөж үр дүнгээ өгч байна. Сүүлийн жилд Сэлэнгэ сумын “Шим бог будаа”, Хутаг-Өндөр сумын үсэлсэн арвай, Хангалын зөгийн бал, “Булган-Ундарга” компанийн чацарганы тос, шүүс зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүд бий болсон.  Нэг зүйл онцлон хэлэхэд Японы Засгийн газар, Монголын Засгийн газрын хамтран гаргасан шийдвэрийн дагуу жижиг дунд үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн эхний шат буюу 2010 онд 160 сая төгрөгийн зээлийн арга хэмжээг зохион байгуулсан. Дараагийн шатны асуудлыг УИХ-ын  аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсний үндсэн дээр 59 сая долларын арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн тавдугаар сараас эхлэхээр бэлтгэж байна.

Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунболд:

-Засгийн газрын тогтоолын дагуу төр төсвийн байгууллагуудын хамт олон нэг өдрийнхөө цалин хандивлах ажлыг шуурхай зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд орон нутгийн төсөвт 54 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн хамт олон найман сая гаруй төгрөгийн хандив өглөө.  Улсын төсөвт 137 байгууллагаас аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын хамт олны нэг өдрийн цалин ойролцоогоор таван сая гаруй төгрөг боллоо. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын хамт олон хоёр өдрийн цалингаараа тусалсан. Тухайлбал, онцгой байдлын газрынхан 2.8 сая төгрөг хандивлаад байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг зэрэг улсын төсөвт бусад байгууллагууд салбарын яамныхаа хэмжээнд нэгдсэн журмаар хандивын мөнгөө төвлөрүүлэн шилжүүлсэн хэмээн ярьцгаав.

“Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэдэг. Ийнхүү япон улсаас үзүүлж байсан тусламжийн хариуд Булган нутгийнхан  сүүн сэтгэлээр дэмжлэг үзүүлж байгалийн гамшгийн өдрүүдийн бэрхшээлийг сэтгэл санааны хатуу тэвчээрээр даван сэргээн босголтын ажлаа шуурхай хийхийг хүсэн ерөөж байна.

Ж.Мөнх-Очир   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж