Ерөнхийлөгч Зүүн Азийн холбооны ёслолд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Зүүн Азийн холбооны ёслолд оролцлоо

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Германы Засгийн газар, ард түмэн гүн хүндэтгэлтэй хүлээн авч байгааг илтгэн харуулсан нэгэн үйл явдал тус улсын Ханбург хотын Худалдааны танхимд боллоо.

Германы томоохон банк, санхүүгийн байгууллагууд, дэлхийд алдартай үйлдвэрлэгчид, компаниудын эздээр гишүүнчлэлээ бүрдүүлсэн Зүүн Азийн холбоо жил бүр зохион байгуулдаг “Лийбесмаал” ёслолын  92 дахь буюу 2012 оны арга хэмжээгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалд зориулан зохион байгуулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү ёслолд хүндэт зочноор оролцож үг хэллээ. Ёслолд 400 гаруй зочид ирсэн байв.

112 жилийн түүхтэй Зүүн Азийн холбоо нь Герман болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын бизнес, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй германы нэр хүндтэй  төрийн бус байгууллага юм. 2008 оноос тус холбооны ТУЗ-ийн даргаар Дойче банкны ТУЗ-ийн дарга Юрген Фитчен ажиллаж байна.

“Лийбесмаал бол Германы Ази тив рүү чиглэсэн худалдаа, эдийн засгийн хамгийн чухал арга хэмжээ юм. Энэхүү ёслол нь хүндэтгэлийн зоог хэлбэрээр тусгай дэг жаягтай, хүндэт зочинтой зохион байгуулагддаг. Энэ үеэр улс төр, эдийн засгийн өндөр албан тушаалтнууд цаг үеийн онцлог сэдвээр илтгэл тавьж, санал солилцдог.  Бид Ази тивээс онцгой лидер, улстөрчдийг урьж байсан ч энэ нь тун цөөхөн тохиолдол” хэмээн Зүүн Азийн холбооны ТУЗ-ийн дарга Ю.Фитчен  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг угтан авах үеэрээ онцлон тэмдэглэж байлаа.

Ёслолын арга хэмжээнд өмнө нь Холбооны Ерөнхийлөгч асан И.Рау, Х.Көлөр, К.Вульф, Канцлер А.Меркел нар урилгаар оролцож үг хэлж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчилал, хүний эрх, эрх чөлөө, Монгол дахь ардчилалд тулгарч буй сорилтууд, Монгол, Германы түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар үг хэллээ.

Ерөнхийлөгчийн үг ёслолын арга хэмжээнд оролцогсдын сэтгэлийг хөдөлгөж, суудлаасаа босч алга ташиж байсан нь сүүлийн 20 жил “Лийбесмаал”-д байгаагүй онцгой уур амьсгал байлаа гэж зочид ярьж байсан юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж