Цэргийн баяр нь Эх орноо харийн дарлалаас чөлөөлж, Халх голын дайнд ялалт байгуулсан Монголын яруу алдарт зэвсэгт хүчний өдөр юм. Одоогоос найман жилийн өмнө буюу 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг "Зэвсэгт хүчний өдөр" болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн уг өдрийг "Монгол цэргийн өдөр" болгон тэмдэглэх болсон байна. Монгол цэргийн баярын үйл ажиллагаа Төв аймагт 3-р сарын 17-ноос эхэллээ. Баярын үйл ажиллагааг МУ-ын баатар Самдангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр эхэллээ. Дараа нь Мөнх-Алдарын талбайд баярын жагсаал хийн, салбартаа тэргүүлсэн тэргүүний цэрэг дайчдаа шагнаж урамшууллаа.
Шинэ үеийн Зэвсэгт хүчин үүссэний 90 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан хүчний байгууллагынхны дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байуулж, түрүүлсэн багуудад энэ үеэр шагналыг нь гардуулж байлаа. Мөн энэ үеэр Төв аймагт байрладаг Зэвсэгт хүчний 016-р анги өөрийн ангийн үйл ажиллагаа болон Монголын зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд цэргийн зэвсэгүүдийг дэлгэн үзүүлсэн байлаа. Зэвсэгт хүчнийг сурталчлах өдөрлөгийг олон хүмүүс ирж сонирхож байлаа.
Г.Хишигсүрэн