Монгол-Германы 10 дахь форум болов

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Монгол-Германы 10 дахь форум болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ дахь айлчлалтай холбоотойгоор Германы төвийн барууны үзэлт баримтлалт Конрад Аденаурын сангаас Монгол-Германы 10 дахь удаагийн форумыг өнгөрсөн лхагва гаригт Берлин хотноо зохион явуулжээ.

Форумаар хоёр орны төлөөлөгчид эхлэлийг нь дөнгөж тавьсан ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг  цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн талаар Германы “Deutsche Welle” агентлаг мэдээлсэн байна.

Германы Канцлер Ангела Меркел өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад айлчлахдаа уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбарт хамтарч ажиллах, хоёр орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих Засгийн газар хоорондын хэлэлцээнд гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын анхны ардчилсан ерөнхийлөгч асан П.Очирбат “Хэлэлцээ хамтын ажиллагааны суурийг тавьсан. Одоо амьдрал дээр хэрэгжүүлэх л үлдлээ. Монгол улсад Германы өндөр технологи, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь асар их туршлагаас сурах зүйл их” гэж онцлон хэлсэн юм. 

Монгол Улс байгалийн алт, зэс, төмрийн хүдэр, газрын тос, газрын ховор элементийн асар их баялагтай 10 орны нэг. Харин Монгол Улсаас дөрөв дахин бага газар нутагтай Герман түүхий эдийн томоохон хэрэглэгчдийн нэг бөгөөд эрчим хүч, металын экспортлогч орнуудаас хараат улс аж. Түүхий эдийн эрэлт улам нэмэгдэж буйгаас ирэх 30 жилийн хугацаанд нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэх таамаглал бий. Иймд газар доорх нээгдээгүй баялгийн төлөөх цусгүй тэмцэл дэлхийн улс орнуудын дунд өрнөж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж