Шүүгдэгч, хариуцагч нь бус өмгөөлөгчид нь шүүхээс “ял” сонссон сонин тохиолдол Монголд болоод байна. Цагдаагийн экс дарга нарыг өмгөөлж байсан О.Алтангэрэл “ахлагчтай” өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзсаныхаа төлөө ийм хариуцлага хүлээхээр болоод байгаа юм. “Шударга” шүүхийн өөдөөс пээдийсэн нь шүүгчдийн дургүйг ч хүргэсэн байх. О.Алтангэрэл нар шүүгдэгчдийг зүйлчилсэн зүйл анги нь Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Ер нь л өмгөөлөгч байсан, байгаагүй яллах шийдвэр нь аль хэдийнэ бэлэн болчихсон байгаа жүжигт оролцохгүй гэж үзсэн учир үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, уржигдар шүүх хурлыг орхисон юм. Гэтэл шүүхээс тэдний эл шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гээд зогсохгүй гэм буруутай хэмээн “хатуурхаж” тухайн үед 30 орчим минут албадан саатуулав. Үүний дараа юм юм л боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэлийн шүүх гэх мэтчилэн энэ салбарынхан нийлж байгаад өмгөөлөгчид рүү “дайрлаа”. Өмгөөлөгчид хууль зөрчсөн, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Улстөржсөн хэрүүл, маргаан ийнхүү өмгөөлөгч, шүүх гэж хоёр талцсан байдалтай болж өргөжлөө. Ингээд зогсохгүй “сахилгагүй” өмгөөлөгчдийг 7-14 хоногоор баривчлах буюу мөнгөн торгууль ногдуулах үндэслэлтэй гэж үзэн шүүхээс аль хэдийнэ захирамж гаргажээ. Тиймээс өмгөөлөгчдийг хэзээ мөдгүй баривчилж, Ч.Амарболд нартай хамт хорьж магадгүй байна. Сонин юм ч болох нь дээ, Монголд.
Т.ЭЛИСА
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин