Гишүүд иргэдтэй холбоотой байхыг хүсдэг үү?

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Гишүүд иргэдтэй холбоотой байхыг хүсдэг үү?

Иргэн хүн хуулийн төсөл боловсруулахад оролцож, УИХ-ын гишүүдтэй санал бодлоо солилцох боломжтой юу? Энэ асуултанд “боломж байгаа” гэж УИХ-ын Тамгын газар, Datacom компани, Dream IT төслийнхөн хариулж байна. Харин “яавал энэ боломж улам хялбар болох вэ” гэдэг талаар өчигдөр Төрийн ордонд хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн сэдэв “Хуулийн төсөл боловсруулах явцад иргэдийн онлайн оролцоог нэмэгдүүлэх нь” гэдэг асуудал байсан ба техник, технологийн дэвшлийг ашиглан парламентын шийдвэрт иргэдийн санаа бодлыг хүргэх талаар зөвлөлдлөө. УИХ-ын Тамгын газраас parliament.mn цахим хуудсыг ажиллуулан иргэд, хууль тогтоох байгууллагын хооронд гүүр болгохыг зорьж буй бөгөөд Dream IT, Datacom-ийнхны тусламжтайгаар цахим хуудсаа илүү үр өгөөжтэй болгохыг хүсч буй гэнэ.

Иргэд хуулийн төслийн талаар санал бодлоо УИХ-ын гишүүдтэй  биечлэн уулзаж уламжлах, захидал бичиж хариу хүлээх зэргээр цаг хугацаа алддаг байсан уламжлалт арга, сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт оруулахад энэ цахим хуудас ихээхэн чухал талаар хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцолсон. Шинэчлэлт хийсний дүнд уг хуудсанд 2009 оны 1-3 сард 1937 хандалт, түүнээс 13 санал өгч байсан бол 2010 оны 10-12 дугаар сард 28600 хандалт, 83 хуулийн төсөлд санал ирүүлсэн байна. Хандалт 14 дахин, хуулийн төслийн санал зургаа дахин нэмэгдсэн аж. УИХ-ын цахим хуудаст хандагсдын тоо өсч, хуулийн төсөлд иргэд саналаа бичих явдал хэвших хандлагатай байгаа ч иргэдийн саналын хариу ямар байдалтай байгаа, хуулийн төсөлд тусгах эсэх, хууль санаачлагч гишүүнд хүрдэг эсэх нь мэдэгдэхгүй байсаар байгаа гэнэ. Мөн Тамгын газрын захидал харилцаа хариуцсан ажилтнууд иргэдийн онлайн санал хүсэлтийг битүүмжлэн  авдаг ч холбогдох байнгын хороонд шилжүүлж тайлан тооцоонд тусгахаас хэтэрдэггүй тухай шүүмжлэл өрнөсөн юм.

Энд дурдсанаар УИХ-ын гишүүд санал өгч буй иргэдэд хариу өгдөггүй аж. Үүнээс үүдэн гишүүд иргэдтэй холбоотой байхыг хүсэхгүй байна уу ч гэх асуулт гарч байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн өгсөн хариуг онлайнаар харах боломжгүй байгаа нь иргэдийн итгэлийг алдагдуулж, идэвхи оролцоог бууруулах нөхцөлд хүргэдэг байна. Иймд хуулийн төслийн талаар тавьсан иргэдийн саналыг тухайн хуулийн төсөл хэлэлцэх Байнгын хорооны хуралд албан ёсоор мэдээлж танилцуулдаг журамтай болох зөвлөмж гаргажээ.

Хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн сүлжээг УИХ-ын цахим хуудастай холбох санал гарсан ба УИХ-ын гишүүн З.Энхболд, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхбат нарын зарим гишүүд файсбоок, твиттер ашиглан интернэтийн идэвхитэй хэрэглэгчидтэй холбоотой байдаг нь иргэдийг хууль тогтоогчидтой шууд, чөлөөтэй үзэл бодлоо солилцох боломж олгосон байдаг гэж үнэлж байв. Одоогоор парламентын цахим хуудас нь зөвхөн мэдээлэл өгөх буюу иргэд рүү чиглэсэн нэг урсгалтай, иргэд нь парламентийн гишүүд рүү хандах боломж хомс байгааг харилцан мэдээлэл солилцсон эргэх холбоотой болгох талаар хэлэлцлээ.  

Мөн Тамгын газраас гишүүдийг шинээр гарч буй технологиор хан­га­сан бөгөөд хэрэглэж буй ipad зэрэг хэрэг­лэлээ интернэтээр хэсч, хов жив хөөцөлдөхөд ашиглах биш, олон нийт­тэй харилцах, “my parliament” зэрэг өөрсдийнх нь ажлаа хийхэд зориулсан прог­раммуудыг ашиглахад л хэрэглэнэ хэмээн найдаж буй талаараа ч хэлсэн юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж