Хоршоологчдын үндэсний III чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Хоршоологчдын үндэсний III чуулган болж байна

Монгол Улсын Засгийн газар нь хоршооллын хөдөлгөөнийг идэвхтэй дэмждэг улс орнуудтай хамтран тогтоол санаачилж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаар хэлэлцүүлэн 2012 оныг “Хоршооллын олон улсын жил” болгон зарласан байна. Олон улсын хоршооллын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөө хорших, төрөөс хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоог байгуулах бэлтгэл ажлыг хангах, сумдын эдийн засгийн бие даасан байдлыг дээшлүүлэх зорилгоор орон даяар “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санаачлан өнөөдөр Төрийн ордонд Хоршоологчдын үндэсний III чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганд 21 аймаг, 330 сумдын Засаг дарга, хот, хөдөөгийн 400 хоршоологчид, дэмжигч гишүүд болон төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд зэрэг нийтдээ 900 гаруй төлөөлөгчид оролцож буй юм.

Монгол Улс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх хүрээнд сүүлийн жилүүдэд Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль зэрэг  бодлогын баримт бичгүүдийг батлан гаргажээ. Тухайлбал, энэ хүрээнд мал аж ахуйн хоршоодыг дэмжих зорилгоор 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөнгөлөлттэй зээлийг 18 аймгийн 71 сумын, Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн хадлан тэуээл үйлдвэрлэл, бэлчээр хамгаалал, малын гаралтай түүхий эд бэлтгэл, мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг 96 хоршоонд олгосон байна. Энэ хүрээнд 25 хоршоо шинээр байгуулагдаж 71 хоршоо үйл ажиллагаагаа өргөтгөж, 400 гаруй ажлын байр шинээр бий болсон гэсэн мэдээллийг энэхүү чуулганы үеэр холбогдох албаныхан мэдэгдлээ.

Чуулган завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж