Ерөнхий сайдтай зоог барихад 250 мянган фунт

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдтай зоог барихад 250 мянган фунт

Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Даунинг-стритийн гудамжинд байрлах албан байраа Консерватив намд ихээхэн мөнгө хандивласан хүмүүстэй цуг үдийн хоол идэх газар болгон ашиглаж байснаа хүлээн зөвшөөрчээ. Намын сан хөмрөгийг баригч  Питер Круддас “The Sunday Times” сонины сурвалжлагчдын урхинд орж, 250 мянган фунт хандивлаад Ерөнхий сайд эсвэл Сангийн сайдтай цуг зоог барьж, тэдэнд ямар ч асуудал тавьж болно гэж хэлсний дараа Ерөнхий сайд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов.

Сурвалжлагч өөрийгөө намын санхүүчид Лихтенштейн улсад байрладаг Ойрхи Дорнодын хөрөнгө оруулалтын томоохон сантай  хамтран бүртгэгдсэн “Zenith” компанийн хөрөнгө оруулагч хэмээн танилцуулжээ. Түүний ажилладаг компани нь Британийн Хаантны шуудангийн Засгийн газрын мэдлийн хувьцаанаас авах сонирхолтой гэсний хариуд нь Питер Круддас энэ асуудлыг Ерөнхий сайдтай хувиараа уулзан ярилцаж болно, гэхдээ үүний тулд Консерватив намд 250 мянган фунд хандивлах хэрэгтэй гэж хэлсэн байна.

Энэ уулзалтыг сурвалжлагч нууц камераар бичин баталгаажуулсан байжээ. “Премьер лиг шиг …200-гаас 250 мянган фунт стерлинг… Бид эхний ээлжид таныг Ерөнхий сайд Кэмерон эсвэл Сангийн сайд Осборнтай цуг үдийн зоогт оруулж чадна. Энэ өрөөнд яригдаж байгаа бүгд чанд нууцлагдсан байна. Үнэндээ та түүнээс юу ч хүсч болно” хэмээн Питер Круддас ярьсан нь видео хальсанд буужээ. Уг бичлэг сонины веб-сайтад гармагц намын санхүүч огцорчээ. Гэвч үүгээр дуулиан намжсангүй. Сөрөг хүчин болон парламентын гишүүд, “Даунинг-стрит 11” гэсэн Ерөнхий сайдын албан ёсны өргөөний ойролцоох татвар төлөгчдийн мөнгөөр зарлагаа гаргуулдаг албаны байранд нь Ерөнхий сайдтай цуг хооллосон хүмүүсийн жагсаалтыг бүрнээр нийтлэх, энэ хэргийг шалгахыг шаардлаа. Лейбористуудын лидер Эд Милибанд “ямар нөлөө үзүүлэхийг тэд гуйсан мөн ямар үр дагавар гаргасныг” тогтоох шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Өдгөө Консерватив намд 50 мянган фунтаас илүү хандив өргөсөн хувийн ивээн тэтгэгчдийн талаарх мэдээлэл нэлээд нээлттэй байдаг. Үүний дагуу хандивлагчид нь үдийн болон оройн зоог ба танилцуулах уулзалтад уригддаг ажээ.  Гэтэл намын санхүүч нь анх удаагаа тодорхой асуудлаар 250 мянгыг төлөөд Ерөнхий сайдтай биечлэн уулзаж болно гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Валютын дамлангаар хөрөнгө босгон ам.долларын тэрбумтан болсон Питер Круддасыг намын санхүүчээр томилсон нь Британийн олон улстөрчдөд сайндаа л гэнэн, муудаа л эргэлзээтэй сэтгэгдэл төрүүлж байсан. Британийн консерваторуудыг эртнээс баячуудтай ёс зүйд нийцэхгүй холбоо сүлбээтэй гэж шүүмжилж ирсэн. Өнөөгийн Сангийн сайд Жорж Осборн  гэхэд л 2008 онд ийм дуулианд холбогдож байсан. Тэрбээр сүүдрийн Засгийн газрын сайд байхдаа Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн дарвуулт завин дээр амралтаа өнгөрүүлж байжээ.

Энэ дуулианы дараа буюу нэг жилийн өмнө Европын парламент гишүүдийнхээ ёс зүйн журмыг гаргасан. Энэ журамд олигархуудын дарвуулт завинд амралтаа өнгөрөөх эсвэл дарангуйлагчдын хувийн онгоцоор нисэх мэт үйлдлийг хориглосон юм. Осборн 2009 онд алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч намын хандивлагчидтай тусгай уулзалт хийхгүй гэж ам тангараг өгсөн гэдэг. Намын санхүүчийн яриагаар түүний амлалт хоосон үг болов.

Ерөнхий сайд ба Сангийн сайдын шинэ дуулиан нь Засгийн газар жилдээ 150 фунтаас дээгүүр орлоготой баячуудын нэмүү өртгийн ашгийн татварыг 50-иас 45 хувь хүртэл буулгахаар зарласан үетэй таарч, Консерватив намд том цохилт болов. Энэ дуулиан нь консерваторууд баячуудын нам бөгөөд баячуудын төлөө ажилладаг гэж сонгогчдод ойлгогдох вий гэж Дэвид Кэмерон эмээж байна. Дуулианыг намжаахын тулд тэрбээр намын хандивын ситемийг эргэн харж нэг удаагийн хандивын хэмжээг 50 мянган фунтаар хязгаарлах болсныг зарлав. Гэхдээ ерөнхий сайд гол өрсөлдөгч лейбористууд бас хандив авах журмаа өөрчлөх ёстой гэжээ. Лейбористууд Үйлдвэрчний эвлэлүүдээс байнгын татаас авдаг ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж