Афган охидын даашинзгүй тавилан

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Афган охидын даашинзгүй тавилан

Афган эцэг эхчүүд санхүү, нийгмийн олон шалтгааны улмаас хүүтэй болохыг илүүд үздэг гэнэ. Энэ хандлага нь охиноо эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг эрт балрын Бача Пош хэмээх уламжлалыг сэргээхэд хүргэжээ. Тус улсын парламентын гишүүн асан Азита Рафхат дөрвөн охинтой аж. Гурван охин нь сургуульдаа явахдаа бусад охидын адил цагаан өмсгөл өмсч, толгойдоо цагаан алчуур зүүдэг. Харин бага охин нь банди нар шиг хослол өмсч, зангиа зүүдэг байна. Тэр бүү хэл Мернуш охиныг олон хүмүүсийн хажууд Меран гэх эрэгтэй хүүхдийн нэрээр дууддаг аж. Азита Рафхатын хэлж буйгаар “Дээгүүр ажил алба хашдаг, баян хүмүүстэй Афганистанд хүмүүс өөрөөр ханддаг. Гэвч голомт залгах хүүгүй бол чиний амьдрал дууслаа гэсэн үг” гэж ярьдаг аж. Дөрөв дэх хүүхэд нь охин төрөхөд Азита Рафхатад өөр сонголт үлдээгүй байна. Тэрбээр бусдын чичлэхээс айсандаа дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ бүхэн маш амархан байв. Охины үсийг халимаг болгож, эрэгтэй хүүхдийн хувцас өмсүүлэв. Хүүтэй болох хүсэл нь цаанаа нийгэм, санхүүгийн олон шалтгаантай аж. Азита Рафхатын нөхөр нь эрэгтэй хүүхэд нэр хүнд, бахархлын хэрэг гэж үздэг нэгэн гэнэ. Азита Рафхат “Манайд ирсэн хүн болгон “Танайх эрэгтэй хүүхэдгүй нь ямар тоогүй хэрэг вэ” гэдэг байсан. Дараа нь бид охиноо эрэгтэй хүүхэд шиг хувцаслах нь хавьгүй дээр юм гэж бодсон. Охин өөрөө ч үүнийг зөвшөөрсөн” гэжээ. Афганистанд Азита Рафхат шиг шийдвэр гаргасан эмэгтэйчүүд олон аж. Афганы зах зээлээр явахад эрэгтэй хүүхэд шиг хувцасласан охид олон тааралддаг байна. Учир нь эрэгтэй  хүүхэд шиг хувцасласан охид гэр бүлээ тэжээхээр зах дээр ажиллахад амар болдог гэнэ. Ийм охид хэзээний хөвгүүд шиг зах дээр бохь, ус зарж мөнгө олдог байна. Тэд ихэнхдээ 5-12 насны охид байдаг аж. Гэвч ийм охид өсч том болоход жинхэнэ асуудал үүсдэг. Тэд 17, 18 нас хүрээд эрэгтэй хүүхдийн багаа авч хаях болдог аж. Элаха хэмээх бүсгүй тэдний нэг юм. Хүүгүй айлд төрсөн Элаха 20 жил эрэгтэй хүүхэд шиг явсан аж. Гэвч их сургуульд элсэхийн тулд охин жинхэнэ төрхөө илчлэхээс өөр аргагүй болжээ. Бүсгүй одоо ч зарим зуршлаа хаяж чадаагүй бөгөөд өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ бүрэн мэдэрч чадахгүй байгаа гэнэ. Тэрбээр хэзээ ч гэрлэхгүй гэж ярьдаг аж. “Надад ах байгаагүй учраас аав ээж маань намайг эрэгтэй хүүхэд шиг хувцаслах болсон. Саяхныг хүртэл би хөвгүүдтэй тоглодог, бас илүү эрх чөлөөтэй байсан. Хэрэв намайг хүчээр гэрлүүлвэл би намайг өдөр болгон шүүхэд өгөх хүртэл хашрааж, Афган эмэгтэйчүүдийн туулж буй зовлон, шаналын хариуг авна” гэжээ. Гэвч Афганистан охинд хөвгүүдийн адил эрх чөлөөтэй болох өдөр ирэх болов уу? гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж