Нүүрний арьс шилжүүлэн суулгажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Нүүрний арьс шилжүүлэн суулгажээ

АНУ-ын эмч нар нүүрний арьс шилжүүлэн суулгах нарийн мэс заслыг амжилттай хийжээ. Мэрилэндийн их сургуулийн мэс заслын эмч нар 15 настайдаа буутай этгээдийн халдлагад өртөж, нүүрээ эрэмдэглүүлсэн Ричард Норрист эрүү, шүд, хэл, нүүрний арьс шилжүүлэн суулгажээ. 37 настай Ричард Норрис 15 настайгаасаа хойш нүүрэндээ баг зүүж явах болсон аж. Хагалгааны зардлыг АНУ-ын Тэнгисийн цэргийн сангаас гаргасан байна. Уг мэс заслын техник Ирак, Афганистаны дайнаас эрэмдэг зэрэмдэг болж буцаж ирсэн цэргийн албан хаагчдад тус болно гэж сангийн ажилтнууд найдаж байгаа  гэнэ. Нарийн төвөгтэй мэс засал 36 цаг үргэлжилсэн байна. Ричард Норрис халдлагын дараа хамар, уруулгүй болсон бөгөөд амаа бараг хөдөлгөж чаддаггүй байжээ. Мэс заслыг удирдан явуулсан эмч Ричард Норрисын хувьд энэ мэс засал шинэ амьдрал бэлэглэнэ гэжээ. Мэс засал амжилттай болсны дараа Ричард Норрис шүдээ угааж чаддаг болсон бөгөөд амтлах мэдрэмж нь сэргэж байгаа гэнэ. АНУ-ын армид дээрх шиг нүүрний арьс шилжүүлэн суулгах 200 гаруй эрэмдэг зэрэмдэг цэргийн албан хаагч бий гэнэ. Нүүрний арьс шилжүүлэн суулгах мэс заслыг хамгийн анх Францад нохойд нүүрээ уруулсан эмэгтэйд хийж байжээ. Харин нүүрний хэсгийг бүхэлд нь шилжүүлэн суулгах мэс заслыг 2010 онд Испанид хийсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж