Чөлөөтийн УАШТ-д гадаадын тамирчид оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн УАШТ-д гадаадын тамирчид оролцоно

Чөлөөт бөхийн 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний хооронд Яармагийн дэнж дэх Спортын шинэ ордонд болох тов тодорчээ. Уг нь улсын аваргыг зургадугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сард болох учир тивийн аваргаас өмнө зохион байгуулахаар хугацааг наашлуулжээ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар болсон нь уншигч танд хүргэж буй шинэ мэдээлэл юм. Тодруулбал, тэмцээнд Монголын төдийгүй гадны тамирчид зодоглох бөгөөд “Mongolia Open” хэмээн нэрлээд байгаа тус тэмцээнд гадаадын 5-10 орны тамирчид оролцох юм байна. Одоогоор АНУ-ын эмэгтэй таван бөх, хоёр дасгалжуулагч, нэг шүүгчийн хамт “Mongolia Open” тэмцээнд оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа гэнэ. Тэмцээний шагнал, урамшууллыг Монгол Улсын Засгийн газраас хариуцах аж. 

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан УАШТ хүртэл эх орондоо суурин байж, улсын аваргын бэлтгэлээ базаах бөгөөд “Mongolia Open” тэмцээний дараа хилийн дээс алхаж, Узбекистаны нийслэл Ташкент хотноо тавдугаар сарын 19-22-ны хооронд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж