Олимпийн цаг цохилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Олимпийн цаг цохилж байна

“Цаг явж байна шүү, тамирчид аа!”… Долоо хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 14-нд болсон Лондонгийн олимпийн цагны нээлтийн үеэр Лондон хотын захирагч Борис Жонсон ийм сануулга өгөв.

“Омега” компанийн үйлдвэрлэсэн уг цаг 2011 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Лондонгийн олимп болох өдрийг тоолох үүрэгтэй юм. Дөрвөн тонн жинтэй, 6,5 метр өндөртэй олимпийн цаг ажиллаж эхэлснийхээ маргааш нь гэнэтхэн зогсч, цөөнгүй хүнийг сандаргасныг эс тооцвол олимпийн цаг ажилдаа орлоо. Гуравдугаар сарын 14-нөөс хойш яг 500 хоногийн дараа дэлхийн бүх шилдэг тамирчид Лондонд цуглахыг олимпийн цаг сануулж эхлээд байна. Энэ 500 өдөр 2012 оны олимпийг хүлээж байгаа тамирчин бүрт хамгийн чухал өдрүүд байх болно. Олон улсын олимпийн хорооны гишүүн байгууллагууд, олон улсын спорт холбоодууд энэ жилээс эхлэн Лондонгийн олимпийн эрх олгох чухал тэмцээнүүдээ зарлаад байгаа.

Монголын тамирчид ч түрүүчээсээ олимпийн эрхийн төлөөх эхний сорилуудаа өгч эхлээд байна. Зарим спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд түрүүчээсээ болж, олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх баг бүрэлдэхүүнээ тодруулаад байгаа бол нөгөө хэсэг нь хилийн чанадад шийдвэрлэх тулаандаа оролцож явна. Дөрөвдүгээр сард Монголын шигшээ багийн тамирчдыг ямар тэмцээн, уралдаан хүлээж байгаа вэ? Бид энэ талаар тоймлон хүргэж байна.

Чөлөөтийн улсын аваргад гадныхан зодоглоно

Чөлөөт бөхийн 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ны хооронд Яармагийн дэнж дэх Спортын шинэ ордонд болох тов тодорчээ. Уг нь улсын аваргыг зургадугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сард болох учир тивийн аваргаас өмнө зохион байгуулахаар хугацааг наашлуулжээ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар болсон нь уншигч танд хүргэж буй шинэ мэдээлэл юм. Тодруулбал, тэмцээнд Монголын төдийгүй гадны тамирчид зодоглох бөгөөд “Mongolia Open” хэмээн нэрлээд байгаа тус тэмцээнд гадаадын 5-10 орны тамирчид оролцох юм байна. Одоогоор АНУ-ын эмэгтэй таван бөх, хоёр дасгалжуулагч, нэг шүүгчийн хамт “Mongolia Open” тэмцээнд оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа гэнэ. Тэмцээний шагнал, урамшууллыг Монгол Улсын Засгийн газраас хариуцах аж. 

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан УАШТ хүртэл эх орондоо суурин байж, улсын аваргын бэлтгэлээ базаах бөгөөд “Mongolia Open” тэмцээний дараа хилийн дээс алхаж, Узбекистаны нийслэл Ташкент хотноо тавдугаар сарын 19-22-ны хооронд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоно.

Буудлагынхан “Дэлхийн цом”-оор дагнана

Хэсэг хугацаанд нам жим байсан Монголын буудлага спортын шигшээ багийнхан 2011 оны хилийн чанад дахь анхны тэмцээндээ оролцохоор өнгөрөгч долоо хоногт Австралийг зорьсон билээ. Сидней хотноо өнөөдөр “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлж байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул нарын тэргүүтэй долоон тамирчны бүрэлдэхүүнтэй Сиднейг зорьсон мэргэн буучид “Дэлхийн цом”-оос залгуулаад Өмнөд Солонгосыг зорих ажээ. Олимпийн эрхийн оноо олгох Сиднейн “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөх бол дараагийн “Дэлхийн цом” Өмнөд Солонгосын Чанвон хотод дөрөвдүгээр сарын 7-15-ны хооронд болох юм байна.

Тивийн аваргад зодоглох жүдочдын нэрс тодорчээ

Олимпийн өмнөх жилийг амжилттай эхлүүлж, Европын цуврал тэмцээнүүдээс ганзага дүүрэн ирсэн Монголын жүдочид энэ сарын дундуур улсын аваргадаа зодоглосон билээ. Спортын шинэ ордонд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шинэ аваргууд төрснөөр тун удахгүй тивийн аваргад хүч үзэх жүдочдын багт өөрчлөлт орсон байна. Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 5-7-нд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид болно. Монголын цагаан өмсгөлтнүүд тивийн аваргын бэлтгэлээ базаахаар өнгөрсөн долоо хоногт Орхон аймаг дахь “Олимп” баазыг зориод байгаа. Тэнд долоо хоног нэгдсэн бэлтгэл хийгээд нийслэл хотноо бэлтгэлээ үргэлжлүүлэх юм. Дөрөвдүгээр сард өөр тэмцээн байхгүй учир тивийн аваргадаа амжилттай оролцохыг жүдочид гол зорилгоо болгоод байна. Харин тавдугаар сараас үргэлжлүүлэн цуврал тэмцээнүүдэд зодоглоно. Тэдгээрийн түрүүч нь тавдугаар сарын 6-8-нд Азербайжаны Бакуд болох Гран-при тэмцээн байх юм.

Азийн аваргад зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэй: Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Н.Батсуурь /+100 кг/

Эмэгтэй: М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/.

Ширэн бээлийтнүүд Европын цувралд оролцоно

Улсын аваргаа тодруулаад удаагүй байгаа Монголын ширэн бээлийтнүүдийн хувьд тун удахгүй хилийн дээс алхах гэж байна. Улсын аваргын дараа шууд Германд олон улсын тэмцээнд оролцох байсан ч нэрээ урьдчилж өгч чадаагүй учир боксчид дараагийн тулаандаа буюу Серби, Албани, Румынд Европын цуврал тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Э.Бадар-Ууган багтаж байгааг сануулъя.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж