ОХУ-тай бизнес, эдийн засгийн салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

ОХУ-тай бизнес, эдийн засгийн салбарт хамтарна

Орос-Монгол улсын бизнес, эдийн засаг, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 20 дахь удаагийн “Азид гарах гарц 2012” үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ болон ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын орлогч дарга С.Д.Аникеев, Хөдөө аж ахуйн дэд сайд К.Р Алдаров, Зам барилгын дэд сайд Шёголев нар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнг ОХУ-ын Эрхүү муж, МҮХАҮТ хамтран зохион байгуулах бөгөөд ОХУ-аас 50 гаруй компанийн төлөөлөгч Монголд ирээд байгаа ажээ. Харин манай улсаас 60 орчим компанийн төлөөлөл оролцоно. Эдгээр нь  ОХУ-тай хамтарч ажиллах ажил хэргийн зөвлөл дэх төлөөлөл болсон компаниуд байх ажээ. Мэдээлэл хийх үеэр Эрхүү мужийн Зам барилгын дэд сайд Шёголев Монгол Улсад бүтээн байгуулах 100 мянган айлын орон сууцны барилгын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Үзэсгэлэнд ОХУ-ын уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний компаниуд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш ээс тодрууллаа.

-Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааны тухай дэлгэрүүлнэ үү?

-Нэгдүгээрт,  2011-2015 оны хооронд Орос, Монгол соёл, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт хамтран ажиллах үндсэн хөтөлбөр гаргасан. Хоёрдугаарт, ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэх бэлтгэл хангагдсан. Ингэснээр хил гааль, худалдааны татварын хөнгөлөлттэй нөхцөлүүд бий болно гэсэн үг юм. ОХУ хамтарч ажиллахдаа ихээхэн анхаарч ажиллаж байгаагаас гадна манай улсад худалдааны салбарын түншлэлээс ирэх ашиг тэр хэмжээгээр нэмэгдэх юм. Мөн ОХУ, Казакстан, Беларусь хамтарсан гаалийн холбоо байдаг. Үүнд Монгол Улсыг элсүүлэх яриа хэлцэл хийгдэж байна.  Манай хоёр улсын аж ахуйн нэгжүүд нэг нэгэндээ салбар компани, төлөөлөгчийн газраа байгуулж үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан бол энэ асуудлыг шийдвэрлэхээр холбогдох гэрээ хэлцлүүдийг хийсэн.

-Хамтарч ажиллах салбарын тухайд мал аж ахуй, дэд бүтцийг онцолж байгаа гэсэн?

-ОХУ манай улстай хамтраад Сэлэнгэ аймагт махны үйлдвэр байгуулж, зөвхөн ОХУ руу экспортлох байдлаар хамтарч ажиллах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн уул уурхай, зам, барилгын чиглэлээр болон хамгийн гол онцолж буй асуудал болох шинэ бүтээн байгуулалтын “100 мянган айлын орон сууц”-ны барилгын ажилд монгол компаниудтай хамтарч оролцох байр сууриа илэрхийлсэн. Үзэсгэлэнд ороцлох ОХУ-ын компаниудын хувьд Дорнод Сибирийн аэрогеодезийн компани ирсэн. Монголын компаниудтай хамтарч, уул уурхайн хайгуулын ажил хийхээр хөтөлбөрөө гаргасан байсан.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж