”Женко” Х.Баттулгын зөв

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

”Женко” Х.Баттулгын зөв

“Женко” Х.Баттулгаас хэн ин­гэтлээ их айна вэ. Улс­төрч “улаан” Ц.Нямдорж хэ­нийг тэгтлээ их хамгаална вэ. Ардчилсан намын лидер, МоАХ фракцийн тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сай­дын “хөлсөлдөг” хаус биш, үндэсний эрх ашиг, Та­ван­толгой, бас улстөрчдийн булхай, луйврыг дэлгэсэн. Ха­рин Ц.Нямдорж түүний эсрэг 20 хуудас нууц гэрээ гэг­чээр “зэвсэглэж”, ховч эр­чүүдийн армийг хөдөлгөв. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ард­чилсан нам сонгуульд ялбал олон хүн дээлээ нөмөр­нө дөө. Одоо бараг 10-аад Засаг даргыг Авлигатай тэм­цэх газарт шалгаж байна. Ар­дын намынхан сонгуульд ялах­гүй бол хамаг булхай нь илэрчих гээд, олон хүн дээлээ нө­мөрчих гээд байгаа юм” хэ­мээн мэдэгдсэний төлөө сайд Ц.Нямдорж галыг өөртөө та­таж, эрх баригч хүчний нэр, нөлөөгөөр төрийн өндөр ал­банд шургалсан нөхөд сандарч байна гэж жигтэйхэн. Сайд ийн сүржигнэж, яамны хурган дарга нар экс сайдынхаа эсрэг хөдөлж байгааг харахад “идээ бээр” энд л бугласан байж. “Женко” Х.Баттулга бай­гаа зөв онилжээ.

Улстөрч Х.Баттулга “Таван­тол­гойн ирээдүй тун бүрхэг шүү” хэмээн мэ­дэгдсэн. Хам­­тар­сан Засгийн газрын үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажил­лаж байсны хувьд ийм мэ­дэг­­дэл хийх эрх түүнд бий. “Таван­толгой төсөл гацаанд орсны учир юу вэ” хэмээх асуултад “Энэ бол ёстой бүтэхгүй асуу­дал. Тавантолгойн хувь­цааг Хөрөнгийн бирж дээр арил­жаалж, 2,7 сая хүнд ашгийг нь хүртээнэ гэдэг худлаа” хэ­мээн ард түмэнд худал биш, үнэ­нийг хэлэх үүрэг түүнийх. Тиймээс тэрбээр Тавантолгойн тухай таван үнэнийг дэлгэсэн юм. Түүнээс биш “Ц.Нямдорж гэдэг улстөрчийн ирээдүй тун бүрхэг байна. Эрхэм сайд улс төрийн тэтгэвэрт гарах цаг нь болжээ” гэж хэлсэнгүй. Сайд Ц.Нямдоржийн зүгээс экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг хэлж байсан иймэрхүү утгатай үгийг давтсангүй.

Харин “Хэдхэн хүний эрх ашгийн төлөө 2.7 сая хүний эрх ашиг золиослогдож байна” хэмээн хэлснийх нь төлөө Ардын намын амбицтай сайд өөрийг нь ярьсан мэт уурлав. Зарим нөхөд “Энэ Х.Баттулга миний тухай ярьчихав уу даа” гэж цочирдов.

Х.Баттулга Ардчилсан нам дахь МоАХ фракцийн тэргүүний хувьд, зарим улстөрчийн булхай, луйврын талаарх баримтыг Авлигатай тэмцэх газрынханд албан ёсоор гардуулсан. Гэвч дараа нь чухам юу болсон гээч. Түүнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад харцаар нь хөдөлж байсан нөхдийг Ц.Нямдорж тэргүүтэн Төрийн ордонд албадан авчраад түмэн зүйлийн хов яриулж байх юм гэнэ. Цаадуул нь ч гэж таарсан амьтад. “Х.Баттулга 20 хуудас нууц гэрээ байгуулсан нь үнэн үү” гэх сэтгүүлчийн асуултад зарим нь “Тийм гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй” хэмээн сандрав. Х.Баттулгын булхайг худал, үнэн хамаагүй дэлгэх даалгавар авсан тэд лав Ц.Нямдорж сайдад загнуулсан даа. Харин Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдоржийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ч дутахгүй тагнуулч гэдгээ энэ үеэр харуулсан. Экс сайдынхаа но-г дэлгэхээр ирсэн нөхөд мөнөөх нууц гэрээний зургийг дарахаар очсон гэрэл зурагчдыг “Цаанаасаа аваач. Хол бай, яах гээд байгаа юм” хэмээн уурласан бол Х.Баттулгын “баруун гар” байсан Т.Пүрэвдорж “Энэ гэрээг харуулъя. Сайд асан Х.Баттулгын гарын үсэг энэ байна. Дуран авайтай хүмүүс ээ, сайтар татаад харцгаа” гэж мужик загнав. Ц.Нямдорж сайдынхаа араас нэрээ бичүүлэхүйц шударга эр юм гээч. Учир нь Х.Баттулга сайдаар ажиллаж байх үедээ Ардын нам, Ардчилсан намын төлөөлөл болсон хоёр дэд сайдтай байсан. Тэдний нэг нь Т.Пүрэвдорж юм.

“Женко” Х.Баттулга “Зарим хүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулна. Тэднийг сайтар шалгахыг шаардана. Хэрэв хэн нэгэн нь “Намайг гүтгэчихлээ” гэх юм бол би ялаа эдлэхэд бэлэн байна” гэмэгц Хууль зүй, дотоод хэргийн сайд түүнд улс төрийн ял тулгах болов. “Х.Баттулгын тухай ярих зүйл их бий. Даанч хамтарсан Засгийн газрын гишүүдийн эв нэгдлийг бодоод энэ тухай ам нээгээгүй. Ардчилсан намынхан С.Батболдын танхимыг орхисны дараа “Араас нь чулуу шидээд яах вэ” гэж бодоод л дуугүй байсан юм” хэмээн Ц.Нямдорж сайд мэдэгдсэн. Мөн их хүн чанар аа! Эрх баригч хүчний улаан коммунист лидер эсрэг талынхаа нөлөө бүхий кадрын эсрэг өдий болтол ам нээгээгүй байна гэдэг мөд “хайлахгүй” хүний мөс. Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа эрхэм сайд МоАХ фракцийн тэргүүний талаар үсээ цайтал ганц ч үг хэлээгүй нь тэсвэр, тэвчээрийн дээд хязгаар. Харин “Тавантолгойн гэрээг байгуулах ажил Х.Баттулгаас болж саатсан. Энэ хүн л гадаадынхантай нууц гэрээ хийж, Монгол Улсын хуулийг зөрчсөн. Геополитикийн хувьд, ноцтой аюул занал учрууллаа” хэмээн сүржигнэж байгаа зарим улстөрч тэр үед юу хийж байсан юм бэ. Хамтарсан Засгийн газрын сайд нарын ажлыг хянах ёстой байсан тэд “Энэ тухай би юу ч мэдэхгүй” хэмээн мэлзэж, Х.Баттулгад бурууг тохож байгааг юу гэж ойлгох вэ. Ямартай ч “Женко” Х.Баттулга хамтарсан Засгийн газрын хаалттай хаалганы цаана байсан нууцыг дэлгэж, Ардчилсан намын лидерийн хувьд Ардын намынхны эсрэг хөдлөх нь зөв. Энэ чинь УИХ-ын сонгуулиас урьтаж дэлгэсэн нэг л “хөзөр” нь шүү дээ. Харин түүний ширээн дээр өөр ямар том “хөзөр” байгаа бол. Энэ биш, тэр “хөзөр”-ийг дэлгэхээс эрх баригчид маш их айж байна.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж