Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 19

Тэмдэглэлт өдөр

• Хувилгаан Иосифийн өдөр нь (Feast of St. Joseph) албан ёсны
нийтийн баяр бөгөөд Итали, Испани мэтийн зарим орнуудад энэ баярыг
аавуудын хүндэтгэлийн өдөр гэж тэмдэглэдэг. Хувилгаан Иосиф нь Давидийн
отгийнх бөгөөд Назаретын мужаан байжээ. Тэрээр Мария дарь эхтэй сүй
тавьсан байв. Гэвч тэднийг хуримлахаас өмнө сүйт бүсгүй нь бурхны
сүнснээс жирэмслэн Христийг тээх болжээ. Түүнд сахиулсан тэнгэр учир
утгыг нь ойлгуулсан учир Мариятай хамтран амьдарч байсан гэнэ. 1870
оноос Иосифийг ертөнцийн шашныг ивээгч гэж зарлажээ. Мөн түүнийг гэр
бүл, охид хүүхэд, жуулчлагчид, хоригдол, инженер, саперууд, модчдын
ивээгч гэж үздэг.

•  Холи (Holi) Энэтхэгийн гоё баяруудын нэг Бенгалийн шинэ жил.

Энэ өдөр төржээ

Фредерик Жолио-Кюри, Францын физикч, Нобелийн химийн салбарын шагналтан (1900. 03. 19 – 1958. 08. 14)

 Жан Фредерик Жолио 1900 оны гуравдугаар сарын 19-нд Парис хотноо олон
хүүхэдтэй чинээлэг айлд төржээ. Тэрбээр Физик, дагавар химийн дээд
сургууль, Парисийн их сургуулийн Радийн институтыг төгссөн. Түүний анхны
судалгаа нь нимгэн материалын цахилгааны шинж чанар байлаа.

Их сургуульд Ирен Кюритай хамтарч бүтээлээ «Жолио-Кюри» нэрээр хэвлэх
болсон бөгөөд 120 бүтээлийн 50 гаруй нь тэдний хамтын бүтээл байжээ.
Тэдний бүтээлүүд нь цөмийн физик, хими, цөмийн технологи болсон байна.
Хамтрагчид 1935 онд Нобелийн химийн шагналтан болсон. Тэдний нээлт нь
нэг элементийг нөгөөд хувиргах хиймэл арга гаргах боломжтой болгосон.
Ажлууд нь шинжлэх ухааны туршилтуудаас гадна эмийн үйлдвэрлэлд ихээхэн
тус болсон юм.
Жолио-Кюри олон нийтийн ажилд багагүй зүтгэж байсан, Францын коммунист
намын Төв хорооны гишүүн, энх тайвны төлөө зүтгэгч байжээ. Тэрээр атомын
эрчим хүчийг цэргийн зориулалтаар ашиглахын эсрэг тэмцэж, Дэлхийн энх
тайвны зөвлөлийг толгойлж байсан.  Тэрбээр 1958 оны наймдугаар сарын
14-нд таалал төгсөн Парисийн ойролцоох жижиг оршуулгын газар
нутаглуулжээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Эдгар Берроуз, Америкийн алдартай зохиолч (1875. 09.01 – 1950. 03. 19)

 Эдгар Райс Берроуз 1875 оны есдүгээр сарын 1-нд Чикаго хотноо төржээ.
Цэргийн албанаас халагдаад бизнес эрхэлсэн нь төдийлөн амжилт
авчирсангүй.
Гэвч тэрээр уран зохиолд амжилт олж чадсан юм. “Ангаргийн наран дор”
анхны романаа 1912 онд хэвлүүлэв. Тэр жилдээ “Сармагчны хүү Тарзан”
нэртэй номоо сэтгүүлийн хувилбараар гаргасан байна. Энэ цуврал нь түүний
хамгийн алдартай бүтээл болжээ. “Тарзан” 1914 онд ном болон хэвлэгдэж
байлаа.

Тэрээр Тарзаны тухай 26 роман, Ангаргийн сэдвийн 11, дэлхийн гүн дэх
Пеллюсидарын ертөнцийн тухай долоо, Карсон Нэпирийн Цолмон гариг дэх
адал явдлын тухай дөрвөн ном болон олон тооны зөгнөлт зохиол бүтээжээ.
Олон хэвлэгдэх энгийн зохиол бүтээснээрээ энэ төрлийн цаашдын хөгжилд
ихээхэн түлхэц өгсөн. Түүнээс хойш Жон Норманн ба Отис Клайв нар гарч
ирснээс гадна Берроузын  хурц зөгнөл нь Филипп Жозе Фармер, Рэй Брэдбери
нарын зохиолчдын уран бүтээлд  томоохон нөлөө үзүүлсэн гэдэг.

Түүний номууд  маш олон хувиар хэвлэгдэн зарагдаж байлаа. Берроуз номын
шагналаараа Калифорнид эдлэн газар худалдан авах боломжтой болов. Энэ
эдлэн газраа Тарзаниа гэж нэрлэжээ.

Берроуз 1929 онд “Edgar Rice Burroughs In”. компанийг байгуулан шинэ ном
болон хуучин бүтээлүүдээ дахин хэвлэх болсон байв. Дэлхийн хоёрдугаар
дайн эхлэнгүүт 70 нас шүргэж байсан зохиолч Номхон далайн байлдааны
талбарт цэргийн сурвалжлагчаар ажиллав. Түүний материалууд уншигчдын
дунд ихээхэн алдартай байв. Эдгар Берроуз 1950 оны гуравдугаар сарын
19-нд нас баржээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж