“Чикаго Буллз” багийн домогт тоглогч, “Буллз”-ын төлөөлөгч, Алдрын тэнхимийн гишүүн Скотти Пиппенд зориулж багийнх нь зүгээс цээж баримал босгохоор болжээ. Дөрөвдүгээр сарын 7-нд “Буллз” Юнайтед Центр ордондоо “Бостон Селтикс”-ийг хүлээн авч, тоглох бөгөөд энэ тоглолтын тасалбар хэдийнэ зарагдаж дуусчээ. Харин тус тоглолтын дундуур буюу эхний хагас өндөрлөсний дараа Скотти Пиппенд хүндэтгэл үзүүлж, хүрлээр цутгасан цээж баримлыг ордонд байрлуулах аж. Скотти Пиппений хүрэл цээж баримал цаашдаа Юнайтед Центрийн долдугаар хаалганы урд байрлах юм байна. Түүний талаар “Чикаго Буллз”-ын захирал Жерри Рейнсдорф “Скотти Пиппен бол “Буллз”-ын өмсгөлийг өмсч байсан шилдэг тоглогч төдийгүй лигийн түүхэн дэх агуу тоглогчдын нэг. Түүнд ийм хэмжээний хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг” хэмээжээ.
Пиппений цээж баримлыг алдарт барималчид болох Омри болон Жули Ротблатт-Амрани нар урласан гэнэ. Тэд 1994 онд мөн алдарт Майкл Жэксоны хөшөөг бүтээж байжээ.
Энэхүү гайхалтай мэдээг хүлээн авсан Пиппен өөрөө “Надад ямар сайхан байгааг үгээр төсөөлөхийн аргагүй. Үнэхээр итгэмээргүй, гайхалтай хүндлэл. Түүхэнд нэрээ үлдээж, хийж бүтээсэн зүйл арвинтай хүмүүсийн хөшөө байдаг. Харин сагсан бөмбөгчийн хувьд ийм агуу хүндлэл хүлээнэ гэж бодож ч байсангүй. “Чикаго Буллз”-ын надад зориулж буй хамгийн гайхалтай, агуу хүндлэл энэ гэж бодож байна” хэмээн ярьжээ.
NBA-ын Алдрын тэнхимд нэрээ мөнхөлсөн Скотти Пиппен 1990 болон 1992-97 оны хооронд долоон удаа Бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байсан бөгөөд “Чикаго Буллз”-ын хамт зургаан удаа NBA-д түрүүлсэн юм. Тэрбээр мөн АНУ-ын шигшээ багийн хамт хоёр олимпийн наадамд аваргалж байлаа.