Месси: Би хэзээ ч “Реал”-д очихгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Месси: Би хэзээ ч “Реал”-д очихгүй

Испанийн “Барселона” клубын од тоглогч Лионель Месси багийнхаа мөнхийн өрсөлдөгч болох “Реал Мадрид” багтай хэзээ ч гэрээ байгуулахгүй хэмээжээ. Месси энэ улиралд нийт 27 гоол оруулаад байгаа. Кэмп Ноу цэнгэлдэхэд тэрбээр ямар ч эргэлзээгүйгээр “Барса”-гийн үнэнч фанатуудын баатар нь байдаг. Гэтэл сүүлийн үед Испанийн хэвлэлүүдээр “Реал Мадрид” Мессиг ангуучилж эхэлсэн учир Аргентин довтлогч Сантьяго Бернабеуг зорьж магадгүй талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Харин Месси өөрөө энэ бүхнийг үгүйсгэж, 11 жилийн тэртээ “Барса”-г “Мадрид”-аар сольсон Луиш Фигугийн карьерыг давтахгүй гэдгээ илэрхийлжээ. “Миний зорилго үргэлж “Барса”-тай холбоотой байх болно. Би спортын замналаа “Барселона”-д өндөрлүүлэхийг хүсдэг, магадгүй дараа нь Аргентинд очиж, төрөлх нутагтаа мөрөөдлөө биелүүлвэл сайхан байх болно. Гэхдээ миний Европ дахь карьер ганцхан энэ багтай холбоотой байгаасай гэж хүсдэг” хэмээн Месси Sky Sports-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр мөн “Би хэзээ ч “Реал Мадрид” руу явахгүй” гэсэн байна.

Харин өрсөлдөгч багийн лидер Криштиан Рональдугийн талаар Месси “Би Криштиан Рональдутай энгийн л харилцаатай байдаг. Бид хаа нэг газар тааралдахад бие биетэйгээ мэндэлдэг. Энэ бол спортын хүндлэл, үүнээс илүү зүйл байхгүй. Багийнхантайгаа байдаг шиг тийм дотно харилцаа байхгүй” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж