Ливийн телевизээр мэдээлснээр уг дайралтад 48 хүн өртөж, нас барсан хэмээж байгаа ч үүнийг батлагдсан мэдээлэл гэж үзэхгүй байна. АНУ болон Их Британи 112 Tomahawk залуурт пуужинг Ливийн арми байрлаж буй 20-иод цэгт харважээ. Франц орон нутгийнхаа цагаар 19.45 цагт дайралтаа эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Францын агаарын хүчин Ливийн босогчид байрлаж буй газарт хэд хэдэн удаа нисдэг тэрэгнээс дайралт хийж, Британийн агаарын хүчин Хойд Африкт агаарын довтолгоо хийжээ. Уг дайралт нь улс орноо босогчдоос чөлөөлөх нэрийдлээр эрх мэдэл тогтоож, армийн хүчийг гартаа авч, НҮБ-ын олон улсын үйл ажиллагаа явуулах эрхтэй газрыг нислэгийн хориотой бүс болгосон Моаммар Каддафийн эрхийг хязгаарлах зорилготой хэмээж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ”Ливид цэрэг илгээх нь миний сонголт байгаагүй. АНУ зөвхөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Бид энгийн хүмүүст өршөөлгүй хандаж байгаа хүмүүсийг зүгээр хараад сууж чадахгүй” гэж Латин Америкт айлчлал хийж явахдаа ярьсан байна.
Генерал Моаммар Каддафийг дэмжигчид түүний байгаа Триполи хот дахь цэргийн лагерь руу одоо ч хэдэн мянгаараа цувсаар байгаа гэнэ. Ливийн эрэгт дэлбэрэлт үргэлжилсээр байгаа бөгөөд Триполи хотод өнгөрсөн шөнийн турш агаарын дайралтын эсрэг буун дуу тасраагүй байна. “Odyssey dawn” нэртэй уг цэргийн ажиллагаанд Франц, АНУ, Канад Италийн зэвсэгт хүчин оролцож байна.