Эштон Катчер сансарт нисч магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Эштон Катчер сансарт нисч магадгүй

Одууд дэлхийгээр аялж залхаад  одоо холын гариг эрхэс бүхий сансар огторгуйг сонирхох болжээ. Одуудын сонирхлыг дагасан Холливудын 34 настай жүжигчин Эштон Катчер сансарт нисэхээр шийдсэн гэнэ. Тэрээр сансрын жуулчлалын Virgin Galactic компанид хандаад байгаа юм.

Деми Мураас салсан Эштон хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэхээр санаа шулуудсан байна. Одоо тоглож байгаа киноны зураг авалтаа дуусгаад, жүжигчин сансарт нисэхээр болсон гэжээ. Эштон сансарт аялах захиалга өгсөн 500 дахь хүн болсон аж.

Компанийн эзэн тэрбумтан Ричард Брэнсон “Би Эштонд утсаар баяр хүргэсэн. Тэр миний нэгэн адил гайхамшигт сансар огторгуйг мэдрэхийг хүсчээ. Бид түүнийг сансрын хөлөгтөө хүлээн авахдаа баяртай байна” гэжээ. Харин Эштон Катчер өөрийн сансрын аяллын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байгаа юм.

Virgin Galactic компани 2005 онд байгуулагдсан бөгөөд одоо хүртэл аяллын нислэг хийгээгүй байна. Сансрын аялал нь дэлхийн тойрог замд хоёр цаг нисэх бөгөөд таван минут жингүйдлийн байдалд байлгах гэнэ. Аяллын аюулгүй байдлыг компани хариуцах ажээ. Аяллын тийз 200 мянган ам.доллар бөгөөд жүжигчин Ангелина Жоли нөхөр Брэд Питтийн хамт, Кэти Перри, Том Хэнкс, Николас Кейж болон олон тооны одууд тийз захиалаад байгаа юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж