Швейцариас ирсэн захидал

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Швейцариас ирсэн захидал

Эдийн засгийн хурдтай өсөлт яагаад монголчуудын амьдрал, амьжиргаанд илт нөлөөлөхгүй байна вэ? Энэ асуултын хариуг эрсээр Монголын бодлого боловсруулагчид, оюуны манлайлагчид улс орныхоо хөгжлийн бодлогыг өрсөлдөх чадвар судлалаас хайх нь зүйтэй гэдгийг ойлгож эхэллээ. Статистикийн хувьд эдийн засаг  өсөж байгаа хэдий ч боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг суурь салбар дахь бодит хөгжлийг хэмжиж байхыг чухалчлах болов. Түр зуурын зохиомол, тоон өсөлтөд хуурталгүй урт хугацааны, тогтвортой, бодит хөгжилд анхаарахын ач холбогдлыг монголчууд ухамсарлах болжээ. Мэдээж хөгжлийн энэ үеийг тойрч биш дайрч гарсан олон үндэстэн, улс бий. Ухаантай хүн бусдын алдаа, онооноос сурдаг жишгийг даган бид Швейцари улсад байрлах Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг хоёр дахь жилдээ боловсруулан гаргаад байна. Тус тайланд үндэслэн Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал, профессор Стефан Гарелли Монгол Улсын босгыг давж буй сорилтуудын талаар захидал бичжээ. Тэрбээр таван зүйлд онцгой анхаарахыг монголчуудад зөвлөж байна.

Нэг. Мөчлөг дагасан төсөв

Эдүгээ Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Экспортын 90 орчим хувийг эрдэс баялгийн түүхий эд бүрдүүлдэг бөгөөд Оюутолгой, Тавантолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед дээрх үзүүлэлт улам өсөх нь тодорхой. Нүүрсний экспорт зэсийнхээс давж, нийт экспортын 40 хувийг бий болгох болов. Үүнээс үзэхэд Монголын эдийн засаг дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай байна. Гэтэл түүхий эдийн үнэ өсдөг шигээ буурдгийг мартаж болохгүй. Жишээлбэл, 2008 оны зун 9000 ам.долларт хүрч байсан тонн зэсийн үнэ ердөө хагас жилийн дотор 2700 ам.доллар болтлоо навс унаж байсан. Харин 2011 онд “Economist” сэтгүүлийн аж үйлдвэрлэгчдийн түүхий эдийн үнийн индекс 21.6 хувиар унасан явдал монголчуудын хувьд анхаарлын дохио болж байна.

Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай Казахстан, Катар, Австрали болон Канад зэрэг улс орлогоо төлөвлөх, улмаар түүндээ тохируулан төсвийн бодлого баримтлах арга замаа хэдийнэ олсон. Эдгээр орон сайн цагт орлогоо хуримтлуулж, үнэ унасан муу үед түүнийгээ төсвийн хөрөнгө оруулалт маягаар хэрэглэх зориулалт бүхий “мөчлөг сөрсөн сан” байгуулсан юм. Иймэрхүү тогтворжуулалтын сангууд нь “олсныхоо хэрээр үрэх” зуршлаас сэргийлдэг. Монголчууд ч мөн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс зайлсхийсэн, мөчлөг дагасан хариуцлагагүй төсвөөс сэргийлсэн санхүүгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бий болгох биз ээ.

Хоёр. Үнийн өсөлт

2008 онд 25 хувьд хүрч байсан инфляци  2011 онд 11 хувь болж буурчээ. Гэвч энэ нь тайвшрах шалтгаан биш юм. Ирэх саруудад хэрвээ эдийн засгийн өсөлт 20 хувиас давбал үнийн өсөлт дахин гаарах аюул бий. Түүнчлэн 2012 оны төсөв Монголын түүхэн дэх хамгийн том төсөв бөгөөд 4.1 хувийн алдагдалтай байх төлөвтэй. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 53 хувиар нэмж байна. Иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөг, оюутны тэтгэлэг, өндөр настнуудад олгох бэлэн мөнгө зэргээс харахад иргэдийн гар дээр эргэлдэж буй мөнгөний хэмжээ зэгсэн нэмэгдэхээр байна. Дээрээс нь өсөн нэмэгдэж буй экспорт (2011 онд гурван тэрбум ам.доллараас илүү гарсан) эдийн засагт урсан орж буй мөнгөн урсгалыг өсгөхөөр байгаа. Төвбанк үүнд хариу үйлдэл үзүүлж, банкуудад заавал байлгах нөөцийг 11 хувь болгож, бодлогын хүүг 12 хувьд хүргэсэн байна.

Ерөнхийдөө уул уурхайгаас орж ирэх их мөнгөн урсгалаас эдийн засгийг хамгаалах нэгэн арга зам нь (норвегичуудын туршлагаас үзэхэд) Үндэсний баялгийн сан байгуулах явдал юм. Өнөөдөр энэ сан дэлхийн олон компанид хувь эзэмшдэг бөгөөд, хөрөнгө оруулалтынхаа өгөөжөөр Норвегийн ард түмний сайн сайхан байдлыг хангах зориулалт бүхий нийгэм, эрүүл мэнд, тэтгэврийн тогтолцоог санхүүжүүлдэг ажээ. Ийнхүү норвегичууд газрын тос ба байгалийн хийн орлогынхоо зарим хэсгийг “хөлдөөж”, хожим урт хугацааны сайн сайхны төлөө зориулахаар байгаа юм.
 
Гурав. Барилгын салбар дахь үнийн “хөөс”

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн “дэлбэрэлт ” нь эдийн засгийн хувьд маш том тогтворгүйжүүлэгч хүчин зүйл болдгийг саяхны Дубай, Ирланд, АНУ болон зарим талаараа Шанхайд болсон хямрал харууллаа.

Иймэрхүү хөөсрөл нь ихэвчлэн эх үүсвэрийн илүүдэл, зээлийн хэт зөөлөн бодлого болон зээл олгогч байгууллагуудыг зохистой хянаж, зохицуулж чадаагүйгээс үүдэлтэй байдаг. Гэтэл ийм хөөсрөлийн хямрал нүүрлэх эрсдэл нэмэгдэж буйг илэрхийлэх эхний шинж тэмдгүүд Монголд ажиглагдаад эхэлжээ. Барилгын салбар 65 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Улаанбаатарын хүн ам сүүлийн жилүүдэд 70 хувиар өсөж 1.2 саяд хүрсэн бөгөөд нийт хүн амын бараг тал нь нийслэл хотдоо амьдарч буй.

Уурхайчдын өндөр цалин (жишээ нь Оюутолгойн барилгын ажилд 10,000 монгол, 6000 хятад хүн ажиллаж байна) Улаанбаатар дахь орон сууцны үнийн хөөрөгдлийн нэг “тэжээл” болох магадлалтай. Түүнчлэн улс төрчдийн амлалтаас үүдэлтэй бэлэн мөнгө тараах, бас нэг дор орон сууцны зориулалтаар их хэмжээний зээл олгох нь ч барилгын салбарт шингэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлж болзошгүй.

Үүнээс сэргийлэх нэг шийдэл нь банкны салбар болон бусад зээл олгогч байгууллагуудад моргейж болон хэрэглээний зээлийн хатуу хяналтын тогтолцоог бий болгох явдал юм. Жишээ нь Швейцарид орон сууцны зээл авах гэж буй иргэн худалдан авах гэж буй байрныхаа үнийн дүнгийн 20 хувийг өөрөө хуримтлуулж бий болгосон байх үүрэгтэй. Үл хөдлөх хөрөнгөө богино хугацаанд эргүүлэн зарах тохиолдолд маш өндөр татвартай. Хэрвээ энэ нь тухайн хүний хоёр дахь байр бол төлөх татвар бүр ч өндөр болдог.

Канадад орон сууцны зээлдэгч заавал даатгалд хамрагддаг. Харин Америк болон Их Британид төрийн болон хувийн байгууллагууд ядуу иргэдэд зориулж санхүү болон өр төлбөрөө хэрхэн зохицуулах талаар зөвлөгөө өгдөг. Хэрвээ зээлээ эргэн төлөх боломжгүй нь нотлогдвол зээл огт өгөхгүй. Энэ талаар банкны зээлийн ажилтнууд тодорхой заавар дүрэмтэй байдаг.

Нөгөө талаас аялал жуулчлалын салбар ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тэлэлт, ялангуяа газрын үнийн өсөлтөд нөлөөлөх тал бий. Жишээ нь зочид буудлын сүлжээ мэтийн хөрөнгө, санхүү сайтай томоохон компаниуд газрын үнэ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өсөлт бий болгодог. Тэгвэл Катар, Оман зэрэг улс аялал жуулчлалын салбартаа зориулж тусдаа газар гаргаж өгдөг. Энэ тусгай бүс нь аж үйлдвэрийн юм уу эсвэл оршин суугчдад зориулсан орон сууцны салбартай өрсөлдөхгүй гэсэн үг. Ийм замаар газрын үнэ нутгийн оршин суугчдын хувьд худалдаж авч болохуйц хямд үлдэж чаддаг.

Дөрөв. Эдийн засгаа төрөлжүүлэх

Монголын эдийн засаг нь эрдэс баялгийн экспортоос хэт хамааралтай байгааг дээр дурдсан. Үүний зэрэгцээ гадаад худалдаа нь хоёр “аварга” хөрш болох Хятад, ОХУ-аас хэт хамаарч байна. Хятад руу гарах нүүрс, зэсийн хэмжээ эрс ихсэхийн  хэрээр энэ орон Монголын хувьд хамгийн чухал худалдааны түнш гэсэн байр сууриа улам бэхжүүлж байгаа юм. Үр дүнд нь хятадууд өнөөдөр Монголын нийт экспортын 90 хувийг шингээж байгаа бөгөөд энэ орны түүхий эдийн эрэлт Монголын ирэх жилүүдийн эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлохоор байна.  Харин Орос нь монголчуудын худалдааны хоёр дахь гол түнш бөгөөд Монголын нийт импортын 22 хувийг бий болгож байна.

Тиймээс дээрх хараат байдлаас гарахын тулд дэд бүтэц, ялангуяа зам тээвэр, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь чухал юм. Мөн эрдэс баялгийн орлогоороо нэмүү өртөг бий болгох салбарыг хөгжүүлж чадсанаар жинхэнэ үр өгөөжөө өгөх учиртай.

Тав. Нийгмийн өв соёл, үнэт зүйлс

Улс орнуудын өрсөлдөх чадвар нь “бүх улсад таарах онол”-оор сайжрахгүй. Бүх өвчнийг анагаадаг ганц эм гэж үгүйтэй ижил. Тиймээс тухайн орны сэтгэлгээний онцлог, үнэлэмж чухал нөлөөтэй билээ.

Эдүгээ Монголын нийгмийг уул уурхайн ертөнц (Оюутолгой ба Тавантолгой), хотын ертөнц (Улаанбаатар), үндэсний хэв маягаа хадгалж үлдсэн ертөнц (хөдөө) гэж гурав хувааж үзэж болохоор байна. Энэхүү нийгмийн гурван хэсгийг холбох гүүрийг зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар барих учиртай. Тухайлбал, интернэтийг хөгжүүлж, түүгээр дамжуулан хичээл сургалт явуулах нь улс орны бүх иргэнд хаана байгаагаас үл хамааран адил сайн боловсрол олгоход нөлөөлнө. Канад улс нутгийн хойд хэсэгтээ энэхүү туршлагыг сайн хэрэгжүүлж чадсан юм.  

Дүгнэлтийн оронд.

Мянга мянган жилийн турш дулаан цагт хадлан тэжээлээ базааж, тарчиг цагт түүгээрээ малаа тэжээж ирсэн нүүдэлчин ухааны уламжлалыг эдүгээ эдийн засгийн бодлогодоо шингээх цаг болжээ. Нүүдэлчин монгол уурхайчин монгол болохдоо ч гээж үл болом нарийн ухаан үүнд орших буюу.

Жич: Стефан Гарелли нь Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг сүүлийн 25 жилийн турш тасралтгүй боловсруулж байгаа юм. Тэрбээр Монгол Улсад 2010 онд айлчлан ирж, Өрсөлдөх чадварын 10 алтан дүрэм хэмээх лекц уншиж байсан билээ. Тус лекцийг www.ecrc.mn хаяг бүхий цахим хуудаснаас үзэх боломжтой.

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж