Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг энэ сарын 22-нд тэмдэглэх гэж байна. Монгол Улсын иргэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14,58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас Союз-39 хөлгөөр хөөрсөн билээ. Сансарт нийт найман өдөр дэлхийг 124 удаа тойрч гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэ ойн хүрээнд зохион бүтээгч, инженерүүдийн дунд “Пуужин, нисэх загварын нээлттэй тэмцээн” болж өндөрлөлөө. Тэмцээн дөрвөн төрлөөр 11 аймгийн 80 гаруй тамирчид өрсөлдлөө. Сонирхуулахад Монголд Гүррагчаа гэдэг нэртэй 488 хүн, Сансар гэдэг нэртэй 1456 хүн байдаг аж.
Ш.Чимэг