Францын халдлага сонгуулийн уур амьсгалыг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Францын халдлага сонгуулийн уур амьсгалыг өөрчлөв

Францын цагдаа нар еврейн сургуульд гарсан халдлагыг Монтобан хотод долоо хоногийн өмнө лалын шашинт цэргүүдийг хөнөөсөн хоёр өөр халдлагатай холбон мөрдөн шалгаж байна. Тэд дээрх хэргийг нео-нацист эсвэл хэт барууны үзэл баримтлалт этгээд үйлдсэн гэж таамаглаж байгаа юм. Хоёр долоо хоногийн дотор гарсан гурван өөр халдлагыг кольт 45 гар буугаар үйлдсэнийг мөрдөгчид тогтоожээ. Тулуз хотын еврей сургуульд гурван хүүхэд, нэг багшийн амийг хөнөөсөн рацист халдлага рейтинг нь унаад байсан консерватив Ерөнхийлөгч Николя Саркозигийн хувьд харин ч сайн зүйл болж байгаа гэнэ.

Дөрөв хоногийн зайтай гарсан гурван хадлага хоорондоо холбоотой гэдэгт Францын цагдаа нар итгэлтэй байгаа юм. Эхний халдлага Тулуз хотод энэ сарын 11-нд гарсан бөгөөд хохирогчийг мотоцикль худалдаж авахаар хүн хүлээж байхад нь гэмт этгээд буудаж хөнөөгөөд зугтжээ. Хохирогч армид алба хаасан лалын шашинтан байсан  аж. Дээрх хэргээс дөрөв хоногийн дараа Монтобан хотод шүхэрт десантын хоёр цэргийг АТМ-д дугаарлан зогсч байхад толгойд нь буудаж хөнөөжээ.  Сүүлийн халдлага өнгөрсөн даваа гаригт Тулуз хотын еврейн сургуульд гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алдсан юм.

Тулуз, Монтобанд гарсан халдлагуудын дараа Николя Саркозийн ёс суртахуун сэргэж, үндэсний хэмжээний гашуудал зарлан, сайн дураараа Францын цагдаагийн даргын үүрэг хүлээсэн мэт аашилж байгаа гэнэ. Николя Саркози сонгуулийн кампанит ажлаа зогсоож, халдлага гарсан газарт онгоцоор нисч очин, гэмт этгээдийг барихын тулд улсын бүх цагдааг дайчилж, гашуудлын арга хэмжээнд оролцож, улсын бүх сургуулиудад  нэг минутын чимээгүй эмгэнэл илэрхийлэхийг уриалж, Франц дахь лалын болон еврейн шашны тэргүүнийг албан өрөөндөө урьж уулзжээ.

9/11 халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Осло дахь алан хядлагын дараа Норвегийн Ерөнхий сайд Женс Столтенберг шашны тэргүүнтэй уулзсан шиг Николя Саркози үндэсний эв нэгдлийг уриалж, хэлэх үг, үйл хөдлөлөө хүртэл бэлтгэсэн байжээ. Николя Саркози мягмар гаригт Парисын нэгэн дунд сургуульд гашуудлын үйл ажиллагаанд оролцохдоо сурагчдад хандан “Энэ гарз хохирол Тулуз дахь шашны сургууль, еврей гэр бүлийн гарз хохирол биш. Ийм хэрэг энэ сургуульд ч гарч болох байсан. Тэр хүүхдүүд та нартай л адил” хэмээн хэлсэн аж.

Францын улс төр судлаач Доминик Рейни дээрх халдлага ерөнхийлөгчийн сонгуулийг орвонгоор нь өөрчилж мэдэх гэнэтийн явдал болсон гэж ярьсан байна. Тэрбээр “Ройтерс” агентлагт "Сонгуулийн уур амьсгал одоо эрс өөрчлөгдөж, Николя Саркози хоосон гоёмсог үгээр уурлаж хилэгнэсэн иргэдийн сэтгэлийг хөөргөх байх” гэжээ. Лалын шашинтнууд болон цагаачлалын асуудал Николя Саркозигийн хувьд хэт барууны үзэл баримтлалт нэр дэвшигч Марин Ле Пенд алдсан сонгогчдын саналыг эргүүлэн авах чухал асуудал. Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн радио телевизийн эфирийн цагийг өнгөрсөн даваа гаригаас эхлэн хязгаарлах байсан ч Тулуз дахь халдлагын улмаас кампанит ажлыг зогсоосон байна. Гэвч Ерөнхийлөгч Николя Саркози халдлагын газар очиж, шашны тэргүүдтэй уулзаж буйгаа телевизээр сурталчлах болсон аж. Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн дундаас хамгийн өндөр рейтингтэй Социалист намын Франсуа Олланд ч мөн кампанит ажлаа зогсоожээ. Николя Саркозиг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Францын хамгийн эмзэг асуудал болох цагаачлалын системийг өөрчилж, цагаачдын тоог цөөлнө гэж ярих болсон нь дээрх халдлагууд гарахад нөлөөлсөн гэж буруутгасан ч тус улсын Гадаад харилцааны сайд Алегн Жуппе халдлагууд сонгуультай ямар ч хамаагүй гэж мэдэгджээ. 1982 онд Парисын еврейн нэгэн дүүрэгт зургаан хүнийг гранат, буугаар хөнөөсөн хэрэг гарснаас хойш Францад сүүлийн 30 жилд ийм халдлага гараагүй аж. Францын Ерөнхийлөгч Николя Саркози дээрх халдлагад арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдыг буруутгаж байгаа энэ хэрэгт ямар нэгэн дүгнэлт өгөхөд эрт байгаа юм.  Зэвсэгт этгээд хэн ч байлаа гэсэн ойрын өдрүүдэд Николя Саркозигийн улс төрийн хамгийн том “хамсаатан” болж хувираад байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж