Азийн хөгжлийн талаар лидерүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн талаар лидерүүд чуулж байна

Азийн Эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 10-нд БНХАУ-ын өмнөд Хайнань мужийн Боао хотноо эхэллээ. Швейцарийн Давосын Эдийн засгийн чуулга уулзалтын Азийн хэлбэр гэгддэг энэ уулзалт “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” уриатайгаар болж байна. Боаогийн уулзалтыг Boao Forum for Asia хэмээх ашгийн бус Төрийн бус байгууллага зохион байгуулдаг. Филиппиний Ерөнхийлөгч асан Фидель Рамос, Австралийн Ерөнхий сайд асан Боб Хауке, Японы Ерөнхий сайд асан Морихиро Хосокава нар 1998 онд энэхүү ТББ-ыг байгуулах санаачилгыг гаргасан бөгөөд эхний уулзалт 2001 онд болжээ. Харин эдийн засгийн чуулга уулзлатыг 2002 оноос БНХАУ-ын Боао-д зохиож байгаа юм. Тиймээс Боаогийн чуулга уулзалт хэмээн нэрлэж заншаад байна.
Чуулга уулзалтын зорилго нь Азийн бүс нутаг дахь орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжлийн төлөө нэгтгэх юм.  
Энэ жилийн Боаогийн чуулга уулзалтад бүс нутгийн болон дэлхийн 2000 гаруй улс төр, эдийн засгийн лидер болон эрдэмтэн хүрэлцэн иржээ. Оролцогчид дэлхийн эдийн засгийн хямралын дараа Азийн бүс нутгийн эдийн засгийг богино хугацаанд сэргээн тогтворжуулах гэсэн гол асуудлыг тойрон санаа бодлоо солилцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд МАХН-ын даргын тамгыг гардсаныхаа маргааш өдөр энэхүү чуулга уулзалтад оролцохоор явсан. Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын нээлтийн үеэр “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Илтгэлдээ ногоон эдийн засаг бий болгох асуудлаар Азийн орнууд бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх, дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх шаардлагатайг санхүүгийн хямралын сургамж харуулсан талаар өгүүлэв. Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Боаогийн хурал чухал хувь нэмэр болох төдийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэлээ. Мөн хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар уул уурхай, төмөр зам, барилгын үйлдвэрлэл зэрэг дэд бүтцийн салбараа хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагаа онцлон дурдлаа.
Ерөнхий Сайд С.Батболдын тавьсан илтгэлийн талаар Боаогийн хурлын зохион байгуулагчид болон оролцогчид байр сууриа илэрхийлэн Монгол Улс байгалийн нөөцөө ашиглан хөгжилд хүрэх зорилтуудаа амжилттай биелүүлэхийг хүсэв.  
Энэхүү чуулга уулзалтын үеэр “Хөрөнгийн зах зээл: Азийн эдийн засгийн өөрчлөлтийг санхүүжүүлэх нь”, “Их 8-аас 20-ийн бүлэгт шилжих нь: шинэ бүтэц, шинэ дүрэм, шинэ тоглогчид”, “Хүлэмжийн хий багатай эрчим хүч: Азийн бүс нутаг дэлхийг тэргүүлж чадах уу?”, “Өсөлтийн талаар эргэн бодохуй”, “Хэрэглээнд шилжих нь: Азийн загвар” зэрэг сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөх юм. Энэхүү салбар хуралдаануудад оролцох Монголын бизнесийн төлөөлөгчид өчигдөр Боаод хүрэлцэн очсон байна.

Н.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж