Айвенхоу санхүүгийн тайлангаа гаргав

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Айвенхоу санхүүгийн тайлангаа гаргав

“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй Канадын “Айвенхоу Майнз” компани өчигдөр 2011 оны санхүүгийн тайлангаа гаргасан байна. Уг тайланд тус компани өнгөрсөн онд компанийн нийт алдагдал 2010 оныхтой харьцуулахад нэлээд өссөн тухай тэмдэглэжээ.

“Айвенхоу Майнз” компани өнгөрсөн онд 570.4 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэж мэдээлжээ. Харин 2010 онд 211 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байжээ.
Мөн тус компани өнгөрсөн онд 179 сая ам.долларын орлоготой ажилласан бол 2010 онд уг үзүүлэлт 79.8 сая ам.доллар байжээ. 

Тус компани нь энэ оны гуравдугаар улиралд “Оюутолгой” зэс, алт, мөнгөний төслийн эхний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах төлөвлөгөөтэй байгаагаа тайланд онцолжээ. Харин 2013 оны нэгдүгээр хагаст төслийн нэгдүгээр үе шатыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Оюутолгой” төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний хангамжийг тус компани төсөл ашиглалтад орсноос хойшхи дөрвөн жилийн хугацаанд Хятадын талаас авах тухай 2009 оны гэрээнд тусгасан билээ. Энэ дагуу тус компани эхний ээлжинд Хятадын Өвөрмонголоос эрчим хүч нийлүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Хятадын талаас Монгол-Хятадын хил хүртэлх 87 км үргэлжилсэн эрчим хүчний шугам татах ажил энэ сарын эхээр эхэлжээ. Харин “Оюутолгой” төслөөс хил хүртэлх 95 км-ийн урт бүхий цахилгаан дамжуулах шугам тавих ажил өнгөрсөн оны аравдугаар сард хэдийнэ дуусчээ.

Гэхдээ уг тайланд тус компани Хятадаас ямар үнээр эрчим хүч авах талаар дурдаагүй байна. Хөндлөнгийн мэргэжилтнүүдийн ярьж буйгаар Хятадын эрчим хүчний үнэ киловатт бүр нь 170-200 төг, бүр түүнээс ч илүү өндөр үнээр нийлүүлэгдэх ажээ. Энэ нь манай улсын дотоодод мөрдөж буй цахилгааны үнээс хавьгүй өндөр дүн юм. Түүнчлэн урд хөршид цахилгааны хомсдол нүүрлээд буй энэ үед “Оюутолгой” төсөл рүү доод тал нь 150 МВт цахилгаан тасралтгүй нийлүүлэхдээ хямд үнийн гэрээ байгуулах боломж бага юм.

Иймд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг баталгаажуулах нь уг төслийн шийдэх гол асуудал болоод буй юм. “Айвенхоу” ойрын гурван жилийн хугацаанд багтаан 450 МВт-ын цахилгаан станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухай “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрей мэдэгдсэн.
Одоогийн байдлаар “Рио Тинто” компани Айвенхоу-гийн 51 хувийг эзэмшигч болоод байгаа билээ. Хэрэв “Оюутолгой” төслийн эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг найдвартай шийдэж чадвал “Рио Тинто” компани Айвенхоу-г бүрэн худалдаж авах магадлал тун өндөр болох юм.
Учир нь Оюутолгойн зэсийн орд бол дэлхийд эхний гуравт багтах зэсийн том баялаг юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж