Ерөнхийлөгч Наурызын баярт оролцов

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Наурызын баярт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн урилгаар “Наурыз-2012” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаврын баяраа тэмдэглэж байгаа казах түмэнд хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа казах түмэн та бүхэндээ ирж яваа сайн сайхан цагийн эхэн-Наурызын баярын мэнд хүргэе. Энэ бол уламжлал ёс заншлаа дээдэлж, ахмадаа хүндэтгэж, амжилт бүтээлээ дүгнэдэг сайхан баяр. Өнгөрсөн 2011 онд хөгжил, бүтээн байгуулалт, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн аймгуудын тоонд Баян-Өлгий аймаг орсон нь манай казах түмний ажилсаг хөдөлмөрч чанарын үр дүн юм” хэмээн тодотгов.

“Наурыз-2012” хүндэтгэлийн арга хэмжээнд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа урлаг соёл, улс төр, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн алдартнууд тэргүүтэй 300 гаруй зочид, казах түмний төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.

Наурыз баярыг дуу хуур, домборын эгшиглэнт аялгуутай, идээ будаагаар дүүрэн хотол олноороо тэмдэглэдэг. Энэ арга хэмжээ ч мөн дуу хуур, ерөөл магтаалаар дүүрэн  байв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж