Монголын талаарх япончуудын хандлага өөрчлөгджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Монголын талаарх япончуудын хандлага өөрчлөгджээ

Монголчууд “дэлхийн хэл”-ээр ярьдаг болсон нь японуудын хандлагыг өөрчилжээ

Японууд угаасаа л Монголд их элэгтэй. Манай төр, засгийн удирд­ла­гуудыг ихэд найрсаг, халуун дотно хүлээж авдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийг парламентад нь үг хэлэхэд Японы улстөрчид нурж унаж байв. Сая Ерөнхий сайд С.Батболдыг айлчлахад Японы хамгийн том компанийн удирд­ла­гууд нурж уулзаж байлаа. Манайх­ны хэн нь ч айлчилсан Монголтой хам­тарч ажиллах сонирхлоо тэд байн­га илэрхийлдэг. Зөвхөн сонирхлоо шүү. Яагаад гэвэл японууд бол жин­хэнэ утгаараа долоо хэмжиж байж нэг огтолдог тооцоотой хүмүүс. Харин Ерөн­хий сайд С.Батболдын айлчла­лаар японууд сонирхлоо алгасаад шууд хамтарч ажиллах санал тавьж угт­сан. Очсон даруйд чинь ажлаа эхлүүлье гэж үдсэн.

Бусдаас түрүүлж хөдөлдөггүй японуудын хандлагыг юу ингэж өөрчлөв өө.

Энэ жил тохиож буй манай хоёр орнын дипломат харилцааны 40 жилийн ой юу. Стратегийн түншлэл үү. 16 мянга гаруй иргэний амь насыг авч одсон  зүүн Японы гамшгийн эсрэг мон­гол­чууд сэтгэл зүрхээрээ ту­салс­ны хариу юу. Ерөнхий сайд С.Батболд айлчлалаа энэ гамшгийн нэг жилийн дараахь тэр өдөртэй нь зориуд таа­руу­лан зорьж очсон нь японуудын сэт­гэлийг тэгж их  хөдөлгөв үү. Аль аль нь нөлөөлсөн нь эргэлзээгүй. Гэхдээ гол шалтгаан нь эдгээрийн аль нь ч биш гэдэг нь бас тодорхой.

Японууд эдийн засгийн чадал, чадавхиараа дэлхийд гуравдугаарт ордог. Тэд дэлхийд биш юмаа гэхэд бүс нутгийн хэмжээнд  ирэх арав, хо­рин жилийн хамгийн том эдийн за­саг, хамгийн их мөнгө Монголд байна гэж харж байна. Хамгийн гол нь монгол­чууд эдгээр боломж, ирээдүйнхээ ту­хай бусадтай “дэлхийн хэл”-ээр ярьж, хэлэлцэж эхэл­сэн нь японуу­дын хандлагыг ийнхүү өөрчилжээ.

“Дэлхийн хэл” гэдэг нь англи хэл биш шүү. Боломжийг мөнгө, мөнгийг хөгжил болгодог  эдийн засгийн хэл. Бидний үлгэрлэн ярьдаг Америк, Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Ма­лай­­зыг хөгжилд хүргэсэн эдийн засгийн хэл. Эдгээр улсууд бүгд л хөгжлийн банкны хөрөнгө оруулал­таар бүтээн байгуулж, моргейжийн зээлээр иргэдээ хямдаар орон сууц­жуулж, хувьцаа, хөрөнгийн биржээр мөнгө босгосон.

Манайд ч С.Батболдын Засгийн газар бод­лого гаргаж хэрэгжүүлсний  хүчинд монгол­чууд өнөөдөр Хөрөн­гийн бирж, хувьцаа, моргейжийн орон сууц, бонд, Хөгжлийн банкны тухай ярьдаг болсон нь зөвхөн японуудын хандлагыг өөрчлөөд зогсохгүй, “Мон­гол одоо л хөгжих нь” гэх итгэлийг олон улс оронд төрүүлж буй. Тэдний нэг нь японууд болохыг Ерөнхий сайд С.Бат­болдын өнгөрсөн долоо хоногт тус улсад хийсэн айлчлалаас тодорхой харагдав. Зөв хэрэглэж чадвал хөгжилд хүргэдэг нь олон орны жи­шээ­гээр баталгаажсан, өөрсдийнх нь мэддэг “хэл”-ээр монголчууд  ярьж эхэлсэн учраас долоо хэмжин байж эрсдэл тооцоолоод суугаад байх шаардлагагүй болжээ, японууд.

Гарчгийн санаагаа тодотгохын  тулд  Ерөнхий сайд С.Батболдын  айлчлалын үеэр шууд ажил болж эхэлсэн, тохирсон зарим үйл явдлыг тоймлоё.

Нэг. Мициү, Мицибүши, Сүмито­мо  Анна зэрэг Японы толгой компа­ниуд нэг номерийн удирдлагынхаа төвшинд Ерөнхий сайдтай уулзав. Тэд зөвхөн Япон, Монголын хооронд биш, бүс нутгийн хэмжээний  том төсөл хэрэг­жүүлэх эерэг амбийц хэрэгтэйг онцоллоо.

Хоёр. Мициү компани Таван­толгой­гоос нүүрс худалдан авах бо­лов. Ингэснээр Тавантолгойн төсөлд японууд албан ёсоор бодитой орол­цож, бас уг ордоос нүүрс худалдан авах гадаадын хоёр дахь улс нь Япон боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” ком­па­ни өмнө нь Хятадын компанитай нүүрс худалдан авалтын гэрээ хийж, тэндээс авсан зээлээрээ Хүний хөгж­лийн сангийн гол эх үүсвэрийг бүр­дүүлж байсан юм. Японы Мициү компани Тавантолгойн Зүүн Цанхиас олборлож байгаа нүүрсний багахан хувийг Хятадын компаниар дамжуу­лан худалдаж авдаг байсан бол одоо дундын зуучлагч­гүйгээр шууд худал­дан авах боллоо.

Гурав. Монгол Улс Японы Олон улсын хам­тын ажиллагааны банкнаас экспортын зээл авахаар болов. Энэ нь манай улс Япо­ноос зээл тусламж авдаг орнуудаас нэг шат ахиж хөнгө­лөлт­тэй  зээл авах эрхтэй боллоо гэ­­сэн үг. Өмнө нь тусламж маягаар  ба­гахан хэм­жээний  зээл олгодог байсан бол одоо зээ­лийн хэмжээ дөрөв, та­ван зуун сая ам.дол­ларын хэмжээнд яригдана, энэ нь хөгжлийнх нь төв­шин өндөрт хүрсэн японууд биднийг хариуцлага үүрч чадах хэмжээний эдийн засагтай болсныг хүлээн зөв­шөөрч байгаа хэрэг гэж Эрдэс баялаг, эрчим хүчний  сайд Д.Зоригт тайлбар­лав. Японы талд бол манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээг­дэ­хүүн 3000 ам.доллараас давсан, энэ өсөлт цаашдаа хадгалагдах төлөвтэй байгаа нь энэхүү зээлийг олгох гол баталгаа болжээ.

Дөрөв. Хөгжлийн банк Японы Сүмитомо Мициү банктай хамтран ажил­лахаар болж санамж бичигт гарын үсэг зурав.  Ингэснээр эхний ээлжинд шинэ төмөр зам, Сайн­шан­дын бүтээн байгуулалтад Японы та­лаас санхүүжилт авах боломж бүрдэж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Л.Болор­маа онцолсон бол, Монголын эдийн засаг өн­дөр өсөлттэй яваа, цаашдаа 10-20 жил хад­галагдах төлөвтэй нь бидний хамтарч ажиллах шалтгаан, Монголын хөгжлийн хур­дасг­уур болох том төслүүдэд хөрөнгө оруулах нь бидний хувьд харин ч ашигтай гэж 1.4 их наяд ам.долларын хөрөнгөтэй Японы хамгийн том арилжааны банкуудын нэг болох  Сүмитомо Мициү банкны захирал ярьсан. Мөн Таван­толгой япон техно­логитой хоршиж байж л бүс нутгийн хэмжээний том төсөл болно гэдгийг японууд тодотгож байв.

Тав.
Японы Софт банк компани Монго­лын Ньюком групптэй хамтарч сэргээгдэх эрчим хүчний 30 мгваттын төсөл хэрэгжүү­лэ­хээр боллоо. Софт банк бол өнгөрсөн онд аш­гаараа Япондоо гуравдугаарт орсон,  захирал нь “yahoo”-д их хэмжээний хөрөнгө оруулж байсан,  одоо Японы гар утас­ны зах зээлийн 30 хувийг эзэмшдэг нөлөөтэй нэгэн юм байна. Тэрээр, Монголд нар салхины асар их нөөц байна. Түүнийг эрчим хүч болгоод Японд буцааж гаргая. Японы одоогийн хэрэгцээг 12 дахин өсгөх нөөц Мон­голд байна. Үүнийг Азид гаргая гэж байв. Ерөнхий сайд С.Батболдын хэлж буйгаар энэ бол урт хугацааны, Мон­гол Улсын эдийн засгийн дараагийн 20 жилийг тодорхойлох том төсөл байх боломжтой ажээ. Ийм том төслийг Монголын хувийн хэвшлийнхэн санаачилж, Засгийн газар ард нь дэмжиж яваа нь, манай хувийн хэвш­лийнхэн түрүүчээсээ  дэлхийн гурав дахь том эдийн засгийн компаниудтай хамтран ажиллах хэмжээнд хүрснээ харуул­сан нь энэхүү айлчлалын бас нэгэн гоё, бахархмаар үйл явдал байлаа.

Зургаа. Мицибүшү компани Мон­голд байгаа хувийн хөрөнгө оруу­лалтын санг дэмжиж хөрөнгө оруу­лахаар болов.

Долоо. Японы Анна компани Токио, Осака хотоос Улаанбаатар руу шууд нислэг үйлдэх сонирхолдоо бодитой дэмжлэг хүслээ.

Найм. Иргэд харилцан зорчих талаар хоёр Ерөнхий сайдын төвшинд ярилцав. Японд зорчих монгол иргэ­дэд визийн хөнгө­лөлт үзүүлэх, энэ нь чухам юу байхыг сюрприз болгон ирэх дөрөвдүгээр сарын эхээр задлахаа Улаанбаатарт суугаа Японы Элчин сайд амлав.

Ес. Иргэд солилцоогоор энэ онд 180 монгол  залууг Японд аялуулахаар болов. Хоёр Ерөнхий сайдын албан ёсны уулзалтын дараа Японы Ерөнхий сайд “180 арай цөөхөн байна, нэмье” гэсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь энэ хөтөлбөрөөс га­дуур япон дуу дуулдаг залуусыг Японд аялуу­лах боломжтойг хэлсэн. 

Тийм ээ, ардчиллын төлөө байдаг, хоёр том хөршийн дунд оршдог Монголд туслах ёстой гэсэн японуу­дын сэтгэлийн илэрхийлэл харилцан бие биедээ ашигтай ажил хэргийн хандлагаар өөрчлөгдөж байна. 

С.Батболд Ерөнхий сайд болсны­хоо дараа, 2010 онд Нью-Йоркт бол­сон нэгэн хурлын үеэр тэр үеийн Японы Ерөнхий сайд Кантай уулзжээ. Буцахдаа Японоор дайрч, сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадор­жийн зодог тайлах ёслолд оролцохоо дуулгасан байна. Кан Ерөнхий сайд, тэгвэл та манай өрөөгөөр дайраад гараач гэж урилга дайв. Товлосон өдөр болоход албан ёсны айлчлал биш, дээр нь зодог тайлах ёслол амралтын өдөр болж таарсан тул хоёр Ерөнхий сайдын уулзах газар нь албан өрөө биш, Кан Ерөнхий сайдын гэр болж өөрчлөгджээ.  Болзсон цагтаа Ерөнхий сайд С.Батболдыг очиход Японы Ерөнхий сайд нэг талдаа улсынхаа хамгийн том есөн компанийн захир­лыг, нөгөө талдаа танхимын сайд нараа суулгачихсан угтаж. Тэдний дунд саяын айлчлалаар уулзсан компаниудын захирлууд, бас одоо­гийн Ерөнхий сайд Нода Сангийн сайдаар сууж байсныг, тэр үед, тэдний ярьж байсан сонирхлууд саяын айлчлалаар ажил хэргийн санал болж өөрчлөгдсөнийг Ерөнхий сайд С.Бат­болд сэтгүүлчдэд сонин болгож хуучил­сан юм. Хоёр жилийн өмнөх сонирхлууд нь өнөөдөр яагаад ажил хэргийн санал болж өөрчлөгдсөн тухайд  японууд:

-Тэр үед ноён С.Батболд Ерөнхий сайд болоод удаагүй, Хөрөнгийн бирж, хувьцаа, хөгжлийн банк, бонд, мор­гейжийн байр, эдийн засгийн түнш­лэлийн гэрээний тухай дөнгөж л ярьж эхэлж байсан. Гэтэл өнөөдөр хоёр жилийн өмнөх яриа нь бодитой ажил болон хэрэгжиж яваа нь, танай улсын эдийн засгийн өсөлт нь бид­нийг эрсэдлийн тооцоогоо дуусгаж хөрөнгө оруулалтаа эхлүүлэх итгэл төрүүллээ гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, тэр үед Монголын Засгийн газар “дэлхийн хэл”-ээр дөнгөж л ярьж эхлэх гэж байжээ. Одоо бол яриад эхэлчихсэн нь японуудыг ийнхүү эдийн засгийн хөдөлгөөн хийхэд хүргэсэн бололтой. Японуу­дын энэхүү дүгнэлт, хандлага нь  С.Батболдын Засгийн газрын эдийн засгийн шинжтэй бодлогууд зөв зүгт явааг ямар нэгэн хэмжээгээр тодор­хойлсон луужин болсон байх аа. Харин улсынх нь хөгжлөөс үнэтэй улс төр гэж байдаггүй японуудад манай сон­гуу­лийн амлалт, түүнийг биелүүлэх гэж тарааж буй 21 мянган төгрөг ихэд сонин сонсогдох шиг болсон. Сая төгрөг тараах, бэлэн мөнгө амлах нь “дэлхийн хэл”-ний үгсийн санд бай­даггүйг, байлгавал өсч яваа эдийн засгаа татаж унагах аюултайг японууд зөвлөх анхааруулахын завсар са­нуулж байсныг ч дурдъя.  Ер нь дэлхий нийт хурдны морь ярьж байхад мон­голчууд бид хонины морь яриад суугаад байвал яаж ч хичээгээд  хөгжихгүй л дээ. 

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Японд ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа уулзсан. Жилийн өмнөх газар хөдлөлт, цунамигаас үүдэн монголчууд нэлээд олноор нутаг буцжээ. Гэхдээ л таван мянга гаруй монгол иргэн Японд ажиллаж амьдарч байгааг тус улсад улсаа төлөөлөн суугаа Элчин сайд С.Хүрэл­баатар хэлсэн. 

Японд газар хөдлөлтийн идэвхжил буурах нь битгий хэл, нэмэгдээд л байгаа бололтой. Өмнө нь жилд газар хөдлөлтийн ес орчим хувь нь л таваас дээш баллын чичирхийлэл үзүүл­дэг байжээ. Тэгвэл өнгөрсөн оны гурав­дугаар сарын 11-нээс хойш нийт 231 удаа таваас дээш баллын газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Ерөнхий сайдыг айлчилж байх үед хүртэл Токио орчимд зургаан баллын газар хөдлөлт бүртгэгдлээ гэсэн мэдээ ирж байв. Гэхдээ японууд газар хөдлөлтөөс айдаггүй бололтой. Яагаад гэвэл сайн бэлтгэлтэй, байшин барилгууд нь бэхэлгээтэй, хамгийн гол нь стандартын дагуу баригдсан учраас. Тэдний айдаг нь цунами. Зүүн Японд газар хөдлөлт биш, цунами л гол гамшиг тарьсан гэж үздэг байна. Цунамигаас бол Фүкүшима­гийн осол гарсан, үүний шууд нөлөөгөөр 54 цөмийн цахилгаан станцынхаа 52-ыг хаасан. Зарим газар эрчим хүчний доголдол үүсч станцынхаа заримыг нээх шаардлага гарч байгаа ч, шийдвэр гаргах эрхийг нь тухайн орон нутагт нь өгчээ. Манайхаар бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн үг. Манайд ч гэсэн эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд монгол иргэдийн уулзалт дээр хэлж байв. Мөн тэрээр,

 -Нэг хоёр хүн, нэг нам солигдсноор улсын хөгжил урагшаа явдаггүйг өнгөрсөн 20 жил харууллаа. Дандаа үгүйсгэлээр амьдарч болохгүй. Бидэнд бэрхшээл бий юү гэвэл бий. Гэхдээ арабын орнууд шиг болохоо байчихсан юм байхгүй. Одоо дарга нар ярих бус, нийгэм хамтаараа ажил хиймээр байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүл­мээр байна. Эдийн засаг 17 хувь өслөө. Энэ өсөлтийг урт хугацаанд барих, өсгөх, иргэ­дийн­хээ амьдралд нааж, хүн бүрт хүртээмж­тэй болгох талаар ярьж бодлогоо боловсруулж ажилламаар байна. Баялгийн хуваарилалт нийгмийн цөөн хэсэг рүү явж байгаа нь үнэн. Энийг шүүмжилж ярих биш,  яаж шийдэх вэ гэдгээ сонгож тэр чигт бодитой ажил хиймээр байна. Нэг гарц нь том төслүүд, том компа­ниудыг хувьцаагаа Хөрөнгийн биржид гарга. Тэндээс иргэд хувьцаа эзэмшиг. Ингэж чад­вал компаниудын засаглал илүү шударга, нээлт­тэй болно. Боловсрол, үйлдвэрлэл үйл­чилгээ бүгд стандарттай  болмоор байна. Ард­чил­лыг нийгмийн харилцаанд соёл гэдэг ут­гаар нь хөгжүүлэх бэхжүүлэх хэрэгтэй байна. Энэ бүхэнд соёлтой газар юм үзэж нүд тайлж байгаа хэсэг буюу гадаадад ажиллаж, амдарч байгаа та бүхэн маань  манлайлж оролцооч ээ. Бидэнд илүү нээлттэй, мэдлэгтэй зарчимч тийм иргэд хэрэгтэй байна. Монгол Улс хөгжих алтан боломж дээрээ ирлээ. Үүний тулд илүү шударга, бүтээлч байх цаг боллоо гэж уриалав. Уриалгаа баталгаажуулахын тулд эх орондоо очсон иргэд орон сууцны зээлд хамрагдах, хувь хишиг хүртэх эрх нь нээлт­тэй, “Зөгийн үүр” хөтөлбөрийг цаашид үргэлжилүүлнэ гэдгээ амлав.

Г.ОТГОНБАЯР

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж