Мексикт хэдэн зуун байшин нуржээ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Мексикт хэдэн зуун байшин нуржээ

Мексикийн өмнөд хэсэгт мягмар гаригт хүчтэй газар хөдөлж, хэдэн зуун байшин барилга нуржээ. АНУ-ын геологийн судалгааны төвийн мэдээлснээр Герреро мужийн Ометепек дүүрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Өмнөд эргийн мужид 500 гаруй байшин барилга нурж, сүйдсэн талаар мужийн захирагч Анжел Агуирре мэдэгджээ. Гэвч газар хөдлөлтөөс болж хүний амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн тухай мэдээ ирээгүй байна. Мужийн захиргаа газар хөдлөлтийн хохирлыг тооцох, гамшгийн бүсийг самнах эрлийн баг гаргасан байна. Герреро мужид болсон газар хөдлөлтийн чичиргээ хэдэн нийслэл Мехико хотод хүртэл мэдрэгдсэн аж. Газар хөдлөлтийн дараа Мехико хотын захиргаа сургууль, эмнэлгийн байшин барилгад ан цав гарсныг шалгах ажлын хэсэг томилсон аж. Газар хөдлөлт болсон мужаас хэдэн км-ийн зайтай нийслэл Мехико хотын зарим барилгын цонх хагарч, цууралт үүссэн байсэн гэнэ. 20 сая хүн амтай Мехико хот аймшигтай газар хөдлөлтийн гамшгийг туулсан хот юм. 1985 онд тус хотод хүчтэй газар хөдөлснөөс 10 мянга гаруй хүн амиа алджээ. Галт уулын лаг шавар дээр байгуулагдсан тус хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин газар хөдлөлтийн голомтоос 160 км-ийн зайд ангийнхантайгаа хаврын амралтаар зугаалж явсан гэнэ. Гэвч сурагчид огт гэмтэж бэртээгүй талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж