БРИКС-ийн орнуудын нэгдсэн бирж үнэт цаасны арилжаа явуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

БРИКС-ийн орнуудын нэгдсэн бирж үнэт цаасны арилжаа явуулна

Европын холбоо оршин тогтнолоо хадгалахыг хичээн дэнжигнэж байгаа энэ үед БРИКС улам хүчирхэгжин, Евразийн холбоо хүч түрэн гарч ирж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн мөнгөний их урсгалыг “жолоодохын” тулд томоохон эдийн засагтай орнууд нэгдэн хүчирхэг нэгдлүүдийг бий болгож байна. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй энэ цаг үед Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк зэрэг хөгжингүй орнуудын БРИКС нэгдлийн цар хүрээ, нөлөө улам тэлэх боллоо.

Тус нэгдлийн дөрөв дэх удаагийн Дээд хэмжээний уулзалт энэ сарын 29-нд Нью Дели хотноо болох юм. Одоогоос жилийн өмнө Хятадын Саньянд БРИКС-ийн орнууд төлбөр тооцоог үндэсний валютаар харилцан хийх тухай Тунхаг бичиг байгуулж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар Тунхаг бичгийг хүчин төгөлдөр болгох гэрээнд гарын үсэг зурах аж. Эдийн засгийн өсөлтөө барихын тулд БРИКС-ийн орнууд хүчирхэг эдийн засаг бүхий АНУ, Европын холбооны өрсөлдөгч болж байгаа юм.

Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгт нь өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Дээд хэмжээний чуулганы үеэр буюу энэ сарын 30-нд БРИКС-ийн орнуудын нэгдсэн бирж анхны кросс-листингээ танилцуулахаар төлөвлөжээ. Харин зургадугаар сард анхны үнэт цаас арилжаалагдана. Гэхдээ зөвхөн БРИКС-ийн орнуудын хөрөнгийн бирж дээр нэг зэрэг гарах эрх бүхий үнэт цаас байх юм. Олон улсын хөрөнгө оруулагчид ч эдгээр орнуудын зах зээлийг ихээхэн сонирхох болсон байна.

Францын хөрөнгө оруулалтын агентлаг болон KPMG консалтингийн компанитай хамтран  хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж буй дэлхийн хотуудын рейтингийг гаргажээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдаас янз бүрийн төсөлд оруулсан хөрөнгийн хэмжээнд үндэслэн жагсаалтыг гаргасан байна. Лондон, Нью-Йорк зэрэг олон улсын санхүүгийн төвүүд байр сууриа хэвээр хадгалж, харин БРИКС-ийн орнуудын нийслэл Европын хотуудын дээгүүр жагсжээ. Энэ нь БРИКС-ийн эдийн засгийн өсөлттэй холбоотой хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж